sonin.mn
БЭЭЖИН. /Nikkei/. Дэлхийн улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог “Moody's” агентлаг өнөөдөр Хятад улсын зээлжих зэрэглэлийг нэг шат бууруулан Aa3-аас A1 болголоо. Өр нэмэгдэж, эдийн засгийг өсөлт нь саарах төлөвтэй байгаатай холбоотойгоор тус улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан байна.
 
“Moody's” агентлагаас гаргасан мэдэгдэлд “өрийн хэмжээ нь нэмэгдэж, эдийн засгийн өсөлт нь саарч байгаагийн улмаас Хятад улсын санхүүгийн байдал ойрын жилүүдэд муудах төлөвтэй байгаа учраас зээлжих зэрэглэлийг нь нэг шат буурууллаа” гэжээ.
 
Эдийн засагт нь аюул учруулж болзошгүй эрсдэлтэй хөрөнгө оруулалт болон санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг Бээжин хэрэгжүүлж байгаа энэ үед “Moody's”  уг мэдэгдлийг хийлээ. Хятадын Ардын банк богино хугацааны хүүгээ нэмэгдүүлж, сүүдрийн банкны салбарт тавих хяналтаа чангатгаж байгаа юм.
 
Шинэчлэлийн үйл явц нь эдийн засаг ба санхүүгийн тогтолцоог цаг хугацааны явцад өөрчилж болох ч өрийн хэмжээ нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх магадлал бага гэж “Moody's” мэдэгдлээ.
 
Гэхдээ тус агентлаг Хятад улсын зээлжих зэрэглэлийн хэтийн төлвийг сөргөөс тогтвортой болгож өөрчилсөн байна. Өрийн хэмжээ нэмэгдэж, валютын нөөц багасч байгаатай нь холбогдуулан 2016 оны гуравдугаар сард тус агентлаг Хятадын зээлжих зэрэглэлийг тогтвортойгоос сөрөг болгож байсан юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг