sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг/УГТЭ/-т очиж тус эмнэлгийн ажил байдалтай танилцлаа.
 
Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу тус яамны удирдлагууд гурван багт хуваагдаж харъяа төв болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн ажил байдалтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь хамтран шийдвэрлэж байгаа юм.
Төрийн нарийн бичгийн дарга, тус эмнэлгийн тусламж үйлчмлгээний өнөөгийн байдал, хүлээгдлийг бууруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний ил тод байдлыг хангахал уг салбарын бодлого шийдвэрийн хүрээнд хийсэн ажил байдалтай танилцлаа. Мөн УГТЭ-ийн улс орны хэмжээнд үзүүлж байгаа зүрхний мэс засал, тархи мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний ачаалал, тулгамдаж буй асуудал болон тархины харвалт, зүрхний шигдээсийн лавлагаа тусламж үйлчилгээ, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний өнөөгийн байдалтай танилцаж цаашид анхаарч ажиллах ажлуудад үүрэг чиглэл өгөв.
 
 
Энэ үеэр тус эмнэлгээс улсын хэмжээнд үзүүлдэг өнлөр өртөгтэй зүрх, мэдрэлийн зэрэг 15 чиглэлийн үйл ажиллагаатай танилцаж, зүрхний мэс засал хийж байгаа үйл явцыг сонирхлоо. Сүүлийн жилүүдэд УГТЭ зүрх, мэдрэлийн чиглэлээр гадаадад явах урсгалыг багасгахад анхаарч эмчилгээ, оношлогоондоо 12-13 шинэ арга технологийг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Тодруулбал, зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг монгол Улсдаа анх нутагшуулан амжилттай ажиллаж 64 хүнд энэ тусламжийг үзүүлжээ. Мөн тархины судсан дотуурх мэс заслын тусламжийн олон аргыг нэвтрүүлэн гадаад улсад явах урсгалыг багасгаж Эрүүл мэндийн сайдын гадаад оронд эмчилгээ оношилгоонд илгээх 39 төрлийн өвчний жагсаалтаас гурван өвчнийг хасуулах саналыг ЭМЯ-нд хүргүүлсэн байна.
 
 
УГТЭ-ийн зүрх, мэдрэлийн мэс заслын шинэ арга технологиор хийж буй  мэс заслууд нь гадаадад чамгүй өндөр өртөгтэй хийдэг. Харин өнөөдөр тус эмнэлэгт ЭМДС-гаас мэс засалд орж буй хэрэгслийн 75-80 орчим хувийг хөнгөлөн иргэд, эх орондоо маш бага өртгөөр зүрх, мэдрэлийн өртөг өндөр мэс заслыг хийлгэх боломж бүрджээ. Тухайлбал, зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээний зөвхөн мэс заслын зардал гадаадад дунджаар 20-40 мянган ам.доллар бол өнөөдөр Монголдоо 7-8 сая төгрөгөөр эмчлүүлж байна. Мөн тархины судсан дотуурх мэс засал эмчилгээг гадаадад 100 мянган ам.доллараас дээш өртөгтэй хийдэг байхад УГТЭ-т эмчлүүлж буй иргэд дунджаар 10-20 орчим сая төгрөгийг зөвхөн мэс заслын хэрэгслийн үнийн хөнгөлөлтийн журмаар төлж байгаа нь иргэдэд эдийн засгийн их хэмнэлт үзүүлж байгаа юм. Энэ үеэр Харвалтын тасгийн эрхлэгч, их эмч Ж.Ариунаатай уулзаж ярилцсан юм.
 
 
-Энд аль насны, ямар өвчтэй хүмүүс ихэвчлэн ирдэг вэ?
 
-Энд ирж байгаа хүмүүсийн хувьд ид хөдөлмөрийн насныхан байгаа. Артерийн даралт ихсэлт, судасны хатууралтаас үүдэлтэй зүрх болон тархины харвалттай хүн дийлэнх нь гэж болно.
 
-Эмчлүүлэгчдийн ачаалал их байдаг уу?  
                                             
-Хуучин манай мэдрэлийн тасагт харвалттай оношоор жилдээ 500-600 гаруй хүн ирдэг байсан бол одоо 2 дахин их буюу 1200-1300 хүн ирж байгаа гэхээр ачаалал асар их нэмэгдсэн. Манай энэ эрчимтийн дараах хэсэг буюу харвалтын нэгж нь дэлхийн жишиг дагуу цус харвалттай өвчтөнд эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлж хийх, тахир дутуугаас аль болох сэргийлэх, нас баралтыг бууруулах гол зорилготой.
 
-Тоног төхөөрөмж хангалттай юу?
 
-Манайд соронзон оношилгооны аппаратаас бусад нь байна. Мянганы сорилын сангийн санхүүжилтээр бүрэн тоног төхөөрөмжтэй болж боломжийн ажиллаж байгаа.  Харин одоо /MRI/ эмерайтай болчихвол сайн л байна.
 
-Өнөөдөр энэ тасгийн багтаамж, хүчин чадал ямар бол?
 
-Багтаамжийн хувьд 1985 нийслэлийн хүн ам 500 мянга байхад л ашиглалтанд орсон, өнөөдөр Улаанбаатарт нэг сая хол давсан, улсын хэмжээнийх гэхээр яах аргагүй хүрэлцээ, багтаамж хангалтгүй л дээ.
 
 
 
Монголдоо ганц байдаг маш нарийн эмчилгээний тоног төхөөрөмжтэй зүрх судас, мэдрэлийн мэс заслын тасгийн үйл ажиллагаатай танилцах үеэр Мэдрэлийн ангиологийн их эмч Н.Баатаржантай уулзаж ярилцсан юм.
 
-Энэ төхөөрөмж манай улсад ганц байдаг гэсэн энэ талаар ярина уу?  
 
-Тиймээ, энэ тоног төхөөрөмж Монгол Улсын хэмжээнд манай эмнэлэгт л ганцхан байдаг. 2013 онд Мянганы сорилтын сангийн шугамаар орж ирсэн. Ази тивд 11-12-хон л байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд 200 гаруй ийм аппарат, тоног төхөөрөмж ажилладаг.
 
-Энд яг ямар мэс ажилбаруудыг хийж байгаа бол ?
 
-Тус төхөөрөмж дээр тархины судасны мэс ажилбарууд, зүрх, элэг, бөөр, мөчний гээд судсан дотор хийж болох бүх л мэс ажилбар хийгддэг.
 
-Өдөрт болон жилд хэчнээн хүн энэ төхөөрөмжөөр эмчлүүлж байна?
 
-Өдөрт дунджаар 15-20, жилдээ гэхэд 2016 онд 3200 гаруй хүнд үйлчилсэн бол 2017 оны эхний 4 сарын байдлаар 1300 хүнд оношилгоо болон эмчилгээ хийсэн байна.
 
-Мэргэшсэн эмч, мэргэжилтний хүрэлцээ ямар бол?
 
-Мэргэжилтэй боловсон хүчний хувьд одоогоор мэдрэлийн болон зүрхний албан ёсны лицензтэй тус бүр гурван эмч байгаа. Ачаалал маш их байна. Эмч нарын хүрэлцээ үнэхээр хангалтгүй. Ирэх зургадугаар сард дараагийн эмч нараа бэотгэх гэж байна. Бид одоо бол өдөр бүр өглөө ирээд л орой 21-22 цаг гэж л гарч ирдэг. Ажлын цаг гэж байхгүй л болсон гэж болно.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг