sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 30 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг шалгуулахаар иргэн О.Алтангэрэл өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд гомдол хүргүүлжээ.
 
Монгол Улсын 2017 оны Төсвийн тодотголыг дагаж "УИХ-ын 29 дүгээр тогтоол"-ыг УИХ-аас баталсан. Уг тогтоолын 11 дүгээр дэд заалтад "Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг байх" зохицуулалт тусгасан ч ОУВС-гаас уг тогтоолд өөрчлөлт оруулахгүй бол Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болохыг анхааруулсан юм.
 
Үүнтэй холбогдуулан дээрх заалтыг хүчингүй болгохоор "УИХ-ын 30 дугаар тогтоол"-ыг баталсан. Харин уг тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж иргэн О.Алтангэрэл үзэж Үндсэн хуулийн цэцэд хандлаа. Тэрбээр "УИХ-ын 30 дугаар тогтоол"-ыг баталсан үйл явц нь Үндсэн хууль зөрчсөн, мөн батлах болсон шалтгаан нь Монгол Улсын Үндсэн хуульд болоод Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд харшилсан гэж үзсэн байна.
 
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг