sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага /ЕАБХАБ/-ын ажиглагчид ирэх сарын 26-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар Сонгууль ажиглах хязгаарлагдмал хүрээ бүхий хороог албан ёсоор нээлээ.
 
Энэ талаар тэд өнөөдөр Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
 
ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газар /АИХЭГ/-аас Сонгууль ажиглах хороог Монгол Улсын Засгийн газраас олгосон урилгын дагуу нээж байгаа аж.
 
Сонгууль ажиглах хорооны тэргүүн Гээрт-Хинрич Арэнс хэлэхдээ, “Манай хороо нь өчигдөр албан ёсоор ажлаа эхлүүлсэн. Бид ЕАБХАБ-ын гишүүн бүх улс орон хамтдаа сонгуультай холбогдох олон улсын стандарт, хэм хэмжээ, өөрийн улс орны үндэсний хууль тогтоомжтой нийцүүлэн ажиллахаар хүлээн зөвшөөрсөн үүрэг амлалтын дагуу сонгуулийг ажиглах болно. Тиймээс  Монгол Улсад  стандарт  аргазүйг баримтлана. Бидний үндсэн чиг үүрэг бол сонгуульд хөндлөнгөөс оролцох бус сонгуулийн үйл явцыг ажиглах, тайлагнах явдал юм. Бидэнд сонгуулийн үр дүн ямар гарах нь чухал биш. Сонгуулийн үйл явц нээлттэй, ил тод, ЕАБХАБ-ын өмнө хүлээсэн үүрэг амлалтын дагуу явж байна уу гэдэгт илүү ач холбогдол өгнө” гэв.
 
 
Мөн  Сонгуулийн өдөр тус хороо нь зөвхөн тодорхой тооны хэсгийн хороод дээр очиж ажиглалт хийх учраас санал өгөх, санал тоолох, дүнг нэгтгэх зэрэг үйл явцыг дэлгэрэнгүй ажиглахаар төлөвлөөгүй гэдгийг тэрээр тодотгов.
 
Хорооны зүгээс сонгуулийн ажиглалт хийх явцдаа холбогдох төрийн байгууллагууд, улс төрийн намууд, нэр дэвшигчдийн төлөөлөлтэй төдийгүй иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл болон олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзах юм.
 
Нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын шинжээчдийн үндсэн баг Улаанбаатар хотод ажиллаж, ЕАБХАБ-ын гишүүн Армян, Австри, Чех, Герман, Дани, Франц, Ирланд, Швед, Узбекстан зэрэг 12 орны урт хугацааны 20 ажиглагч хоёр хоёроороо баг болон ажиглалт хийх юм.
 
Ажиглагчид нь сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилт, сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн байгууллагын болон холбогдох төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн орчин, сонгуультай холбоотой маргааныг шийдвэрлэж буй үйл явцыг ажиглах юм. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллээр хийж буй сонгуулийн сурталчилгаанд мониторинг хийх аж.
 
Сонгуулийн дараагийн өдөр хороо нь ЕАБХАБ-ын Парламентын Асемблейгээс томилсон ажиглагчдын төлөөлөгчидтэй хамтран хэвлэлийн хурал зарлаж, урьдчилсан үнэлэлт дүгнэлтээ танилцуулах юм байна. Сонгуулийг ажигласан талаарх эцсийн тайлан дүгнэлтийг сонгууль дууссанаас хойш ойролцоогоор хоёр сарын дараа олон нийтэд мэдээлнэ гэлээ.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг