sonin.mn
ОТТАВА./TASS/. Канадын Альберта мужийн оршин суугч нэгэн эмэгтэй тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдогийн эхнэр Софи Грегуар Трюдог заналхийлсэн, мөн заналхийлсэн постоо бусдад түгээн тараасныхаа төлөө баривчлагджээ. Энэ тухай мягмар гарагт CBC телевиз мэдээллээ.
 
Канадын Засгийн газрын тэргүүнийг Лесбриж хотын 49 настай эмэгтэй Лиза Сеймур-Питерс чухам юуны учир заналхийлсэн тухайд цагдаа нар ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй. Энэ эмэгтэйд заналхийлэл тараасан гэсэн ял тулгаад байгаа ба шүүх хурал болтол түүнийг Софи Грегуар болон түүнийг гэр бүлийнхэнд 100 м-ээс дотогш зайд ойртохгүй байх, түүнчлэн улс төрийн жагсаал цуглаанд оролцохгүй байх гэсэн болзолтойгоор суллажээ.
 
Сеймур Питерсийг 5 дугаар сарын 12-нд буюу интернет сүлжээнд гэмт хэрэг үйлдсэний маргааш өдөр баривчилжээ. Энэ хэргийг шүүх хурлыг 6 дугаар сарын 8-нд явуулахаар товлосон байна.
 
Энэ оны 2 дугаар сард Саскачев мужийн 41 настай Кристофер Хэйс тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдог заналхийлсэн хэрэгт буруутгагдаж байсан билээ. Тэрбээр шүүхийн шийдвэрээр 500 канад долларын /382 америк доллар/ торгууль төлсөн аж. Үүнээс гадна Хэйс есөн сарын туршид тэнсэн харгалзах ялтай байх бөгөөд энэ хугацаанд Ерөнхий сайдын оролцох аливаа олон нийтийн арга хэмжээнд оролцох эрхгүй болж байгаа юм. Мөн гурван жилийн туршид галт зэвсэг эзэмших эрхийг нь хассан байна.
 
 О.Барс
 Эх сурвалж: Монцамэ агентлаг