sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
 
Энэхүү хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 500 сая ам.доллар, зээлийн ерөнхий нөхцөл нь зээлийн хүү 0.2 хувь, зээл эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил юм. 
 
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, "Ийм төрлийн хөнгөлөлттэй зээлийг авахыг дэмжиж байна. Гэхдээ зээлийг аль салбарын ямар төсөл хөтөлбөрт оруулах вэ гэдгээ сайтар тогтож, хяналтаа сайн тавьж ажиллах хэрэгтэй. Зээлийн тодорхой хэсгийг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд санхүүжилт болгон оруулах нь зүйтэй"  гэв.
 
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж хариулт авсны дараа санал хураалт явуулахад дийлэнх нь дэмжлээ.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг