sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Айова муж улсын захирагч Терри Бранстедыг АНУ-аас Хятад улсад суух элчин сайдаар томилохыг Сенатын танхимын гишүүд дэмжжээ.
 
Түүнийг элчин сайдаар томилох эсэх  асуудлаар өчигдөр санал хураалт явуулахад Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намын 82 гишүүн дэмжсэн бол 13 сенатч эсэргүүцжээ. Эсэргүүцэгчид нь бүгд Ардчилсан намын гишүүд байлаа.
 
2016 оноос хойш хоёр ч удаа цөмийн туршилт хийж, ойр ойрхон баллистик пуужин хөөргөн туршиж байгаа Пхеньяны эсрэг шинээр хориг арга хэмжээ авахуулахаар Вашингтон Хятад улсыг ятгасаар байгаа билээ. 
 
Пхеньяны цөмийн зэвсгийн хөтөлбөрийн улмаас АНУ ба Умард Солонгосын хооронд “томоохон мөргөлдөөн” үүсч болзошгүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп анхааруулсан юм. Гэхдээ АНУ цэргийн хүч хэрэглэхээс илүүтэйгээр хориг арга хэмжээгээ чангатгах замаар Пхеньянд шахалт үзүүлэхийг зорьж байна.
 
Элчин сайдаар томилогдсон Т.Бранстед нь БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй эртнээс анд нөхрийн холбоотой байжээ. Тэрбээр Хятад улсад ажиллах хугацаандаа энэ харилцаагаа ашиглах бодолтой байна. Хоёр эрхэм 1985 онд анх уулзаж байсан аж. Тухайн үед Си мужийн захиргаанд ажилладаг байсан бол Т. Бранстед нь Айова муж улсын хөдөө аж ахуйн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байжээ.
 
Өдгөө 70 настай Т.Бранстедыг Си  “хуучны сайн анд нөхөр” гэж тодорхойлж байсан удаатай.
 
Т.Бранстед бол Айова муж улсын захирагчаар зургаан удаа сонгогдон ажилласан хүн юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр 22 гаруй жил тус муж улсыг удирджээ. АНУ-д нэг муж улсыг ийм олон жилийн турш удирдсан хүн түүнээс өөр байхгүй.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг