sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ БНСУ-ын Засгийн газраас 30 жилийн хугацаатай, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах Зээлийн ерөнхий хэлэлцээрийг зөвшилцөхийг УИХ-ын Төсвийн байнгын хорооноос дэмжлээ.
Тус байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж Засгийн газраас энэ сарын 15-ны өдөр ирүүлсэн Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын /БНСУ/ Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм. 
 
Эдийн засгийн хамтын ажиллагааны сан нь 1993 оноос хойш Монгол Улсын Засгийн газарт зээл олгож эхэлсэн бөгөөд 1993-2011 онд нийт 60-аад сая ам.долларын зээлийн хөрөнгөөр найман төсөл хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн 2012-2016 онд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр найман төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсоноос өнөөдрийн байдлаар 105.6 сая ам.долларын өртөг бүхий таван төслийн зээлийн хэлэлцээр байгуулж, төслүүдийг хэрэгжүүлж байгаа аж. 
 
Шинээр авах хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 500 сая ам.доллар, зээлийн ерөнхий нөхцөл нь зээлийн хүү 0.2 хувь, зээл эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил юм. Хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг уг ерөнхий хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулсны дараа Засгийн газарт танилцуулан шийдвэрлэх юм байна.
 
Хуралдаанд оролцсон гишүүд Зээлийн ерөнхий хэлэлцээртэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан юм. Гишүүдийн хувьд өмнө нь авсан 105.6 сая ам.долларын зээлийг ямар төслүүдэд зарцуулсныг лавлаж, үлдсэн төслүүдийг хэрэгжүүлэхгүй удааширсны шалтгааныг тодруулж байлаа. Мөн өмнө нь авсан зээлээ дуусгаагүй байж дахин зээл авах шаардлага бий эсэхийг асууж байв. Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариултдаа "2012-2016 онд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр найман төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсоноос өнөөдрийн байдлаар Үндэсний оношлогоо эмчилгээний төв, хот хоорондын нийтийн тээвэрт дэмжлэг үзүүлэх зэрэг таван төслийн 105.6 сая ам.долларын өртөг бүхий зээлийн хэлэлцээр байгуулсан. Харин үлдсэн 190 сая ам. долларын зээлийг эрх зүйн шинэчлэлийн багц, 10 аймгийн дулааны цахилгаан станц барих, “Харгиа” цэвэрлэх байгууламжийн төсөлд зарцуулахаар тусгасан байсан. БНСУ-ын тал төслүүд үндэслэл муутай байна үзсэн учраас ажил удааширсан тал бий. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 500 сая ам.долларын зээл авахаар төлөвлөөд байгаа. Зээлийн ерөнхий хэлэлцээр хийж байгаа болохоор яг ямар төслүүд хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт хийх асуудал тодорхой бус байна" гэж хариулав.
 
Санал хэлсэн гишүүдээс УИХ-ын гишүүн Ч.Улаан “Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжиж байна. Гэхдээ өмнөх төслүүдээ эргэн харж, "үндэслэл муутай" гэсэн төслүүдийг буцаан татаж, бэлэн байгаа төслүүдээ оруулах асуудлыг хөөцөлдөх шаардлагатай” гэсэн бол УИХ-ын гишүүн З.Нарантуяа “500 сая ам долларын зээл авахдаа өрийн менежментээ зөв хийх шаардлагатай”, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “500 сая ам доллар гэдэг 1,2 их наяд төгрөг. 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэлд шинэ хөрөнгө оруулалт, обьект барих асуудал тусгагдаагүй. Иймд энэхүү зээлийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлж, үр ашигтай төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд зарцуулах шаардлагатай” гэсэн саналыг хэлж байлаа.
 
Ингээд Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томъёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85,7 хувь нь дэмжиж, байнгын хороо санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов. 
 
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг