sonin.mn
НЬЮ-ЙОРК./TASS/. Их Британийн “The Beatles” хамтлагийн ахлагч Жон Леннон/1940-1980/, Америкийн “Nirvana” хамтлагийн ахлагч Курт Кобейн /1967-1994/ хоёрын зурсан зургууд бямба гарагт Нью-Йоркт  “Julien’s Auction” компанийн зохион байгуулсан дуудлага худалдаагаар зарагджээ. 
 
Ж.Ленноны “Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band” /1967/ цомгийн хавтсанд зориулан зурсан таталбар зураг 87 500 доллароор зарагдсан байна. Уг таталбар зураг дээр хар чернилээр хамтлагийн гишүүд, хамтлагийн нэртэй цэцгийн мандлыг бүдүүвч маягаар дүрсэлжээ. Энэхүү таталбар зураг ойролцоогоор 40-60 мянган долларын үнэд хүрнэ гэж таамаглаж байсан аж.
 
“Julien’s Auction” компанийн төлөөлөгч хэлэхдээ “энэ таталбар зураг бол Жон Ленноны бүтээл мөн гэдгийг бид 100 хувийн итгэлтэйгээр нотолж байна” хэмээн онцлон хэллээ. 
 
К.Кобейны сургуульд сурч байхдаа зурсан зураг нь дуудлага худалдаагаар 64 000 долларын үнэд хүрсэн байна. Энэ зурагт улбар шар дэвсгэр дээр модны мөчир өөд авирч буй дөрвөн элбэнхийг дүрсэлсэн аж. Зургийн баруун доод буланд нь “Курт” гэж гарын үсэг зурсан байдаг. К.Кобейн зургаа тухайн үед гэр бүлийнхэндээ бэлэглэж байжээ. Уг зургийг хөгжимчний эцэг Дональд Кобейн дуудлага худалдаанд оруулсан аж.
 
Дуудлага худалдаагаар хамгийн их үнэд хүрсэн эд зүйлсийн тоонд “рок-н-роллын хаан” Элвис Преслигийн /1935-1977/ тоглож байсан төгөлдөр хуур болон түүний зүүж байсан алмаазан бөгж орж байна. Хөгжмийн зэмсгийг 112 500 доллароор зарсан бол алмаазан бөгж нь 204 800 долларын үнэд хүрчээ. Түүнээс гадна, “поп хөгжмийн хаан” Майкл Жексоны /1958-2009/ тоглолт хийхдээ өмсдөг байсан хүрэм 112 500 доллароор зарагдсан байна.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг