sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуучлалын дэд сайд Ц.Батбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле нар Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 10 гаруй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгчдийн хамт БНЧУ-д ажлын айлчлал хийлээ.
 
Төлөөлөгчдийг БНЧУ-ын Хөдөө аж ахуйн сайд Мариан Юречка Брно хотноо болсон Үндэсний мал аж ахуйн үзэсгэлэнгийн үеэр хүлээн авч уулзан хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц боломжийн талаар ярилцсан бөгөөд Монгол Улсад энэ чиглэлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, техник технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
 
Байгаль орчин, аялал жуучлалын дэд сайд Ц.Батбаяр манай улсад хэрэгжиж байгаа “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төсөл болон ойн менежментийн хамтын ажиллагааны асуудлаар тус улсын Хөдөө аж ахуйн дэд сайд Патрик Млинаржтай, хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаар Гадаад хэргийн дэд сайд Милослав Сташектай, тахийг эргүүлэн нутагшуулах болон бөхөн, хавтгайг хамгаалах асуудлаар Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нартай албан ёсны уулзалтуудыг хийж хамтын ажиллагааны зорилтыг тодорхойлж зарим ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцлоо. 
 
Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле малыг бүртгэх, ээмэгжүүлэх төслийн асуудлаар Прага хотын ХААИС-ийн удирдлагуудтай, зохиомол хээлтүүлгийн асуудлаар Чехийн мал эмнэлгийн хүрээлэнтэй тус тус уулзалт хийсний зэрэгцээ тус улсын Агроферт, Натурал, Маутинг зэрэг хөдөө аж ахуйн чиглэлийн компаниудын үйл ажиллагаатай танилцаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.