sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор ЗТХЯ, Автотээврийн үндэсний төв (АТҮТ), “Метатек” компани хамтран Драгон болон Баянзүрх зорчигч тээврийн төвд улс, хот хоорондын зорчигч тээврийн тасалбар бичих “Билет бичилтийн ТҮЦ” машин туршилтаар суурилуулав.
 
Иргэд ТҮЦ машинаас  билэт бичүүлэхдээ Хот хоорондын зорчигч тээвэр цэсийг сонгож, зорчих чиглэлийн автобусны цаг, суудлын дугаараа сонгох юм. Дараагаар нь регистрийн дугаараа оруулаад, бэлэн бус төлбөр төлөлт буюу банкны картаа уншуулснаар зорчигчийн билет хэвлэгдэх юм. Мөн НӨАТ-ын баримт ч авах боломжтой аж. Туршилтыг нэг сар үргэлжлүүлэх бөгөөд амжилттай болсон тохиолдолд Төв шуудан, томоохон зах, худалдааны төвүүд болон 21 аймгийн Зорчигч тээврийн төвүүдэд байрлуулахаар төлөвлөж байгаа аж. Мөн агаарын болон төмөр замын тээврийн билет, торгууль төлөх, АТҮТ-өөс олгодог зарим лавлагааг авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг ЗТХЯ-ны Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр хэллээ.
 
ТҮЦ машин 24 цаг ажиллах бөгөөд иргэд хүссэн цагтаа билет бичүүлэх боломж бүрдэж байгаа юм. Нэг ширхэг ТҮЦ машин бүтээхэд 15 мянган ам.доллар зарцуулах бөгөөд бүх хөрөнгийг “Метатек” компани гаргажээ. Туршилтын хугацаа дууссаны дараа нарийн тохиргоо хийж, төмөр зам, агаарын тээвэр зэрэг салбарын мэдээллийн сүлжээтэй нэгтгэснээр бүх үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэнэ хэмээн “Метатек” компанийн захирал Ц.Эрдэнэбат дурьдлаа.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг