sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/ АТГ энэ сарын 15-19-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 189 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг  хүлээн авчээ. Нийт 386 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.
 
Өнгөрсөн долоо хоногт 148 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 118 нь зөрчилгүй байсан бол 16-г нь буцааж, 14-т нь анхааруулга өгсөн байна. Одоогийн байдлаар 238 урьдчилсан мэдүүлгийг хянаж байгаа аж.
 
Тодруулбал Төрийн банкны Алтай хотхоны тооцооны төвийн захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ц.Ичинхорлоо, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтэст Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Э.Бат-Эрдэнэ, Нийслэлийн статистикийн газрын мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Монголжингоо нарын 148 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзсэн байна.
 
Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу гэсэн үндэслэлээр 16 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.
 
Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдох болон ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал үүсч болзошгүй болохыг анхааруулсан, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 14 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.
 
Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Цагдаагийн ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газраас ирүүлсэн байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг