sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сунтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагаа, хэтийн төлөв болон энэ сарын 23-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох “Солонгосын 7 хоног” арга хэмжээний талаар ярилцлаа.
 
-Юуны өмнө ноён Элчин сайд та манай агентлагт цаг зав гарган ярилцлага өгч байгаад талархлаа илэрхийлье. Хоёулаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаарх өргөн сэдвийг хөндөхийн өмнө энэ сарын сүүлчээр болох “Солонгосын 7 хоног” өдөрлөгөөс яриагаа эхэлье гэж бодож байна. Өдөрлөгийн хүрээнд ямар арга хэмжээ зохиогдох вэ?
 
-“Солонгосын 7 хоног” арга хэмжээг ЭСЯ-наас 6 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Солонгос улсын соёлыг сурталчлах, иргэд хоорондын найрсаг харилцааг бий болгох үүднээс “Солонгосын 7 хоног” нэрээр жил бүр эл арга хэмжээ зохион байгуулж ирсэн. Энэ жилийн өдөрлөг тавдугаар сарын 23-28-ны өдрүүдэд болно. Өдөрлөг “Солонгосыг хэн сайн мэдэх вэ” асуулт хариултын тэмцээнээр нээлтээ хийнэ. Тэмцээнээс монгол оюутнууд солонгос хэлийг хэрхэн сайн сурч байгааг олж харах боломжтой.
 
24, 25-ны өдрүүдэд “Тэнгис” кинотеарт Солонгос киноны өдөрлөгийг зохион байгуулна. Энэ жилийн тухайд адал явдалт зохиомж бүхий гурван киног сонгон үзүүлэх гэж байна. Гурван кино маань хоёр өдөрт тус бүр нэг удаа дэлгэцнээ гарах юм. Зөвхөн кино үзэх гэхгүй киногоор дамжуулж солонгосын соёлыг таниулах нь чухал. Солонгос иргэд кинотеатрт кино үзэхдээ шарсан тахиаг шар айраг уунгаа үздэг. Монголд шар айраг хэрэглэх нь хориотой тул шарсан тахиа, коло ундаагаар үзэгчдийг дайлах юм.
 
Тавдугаар сарын 26-28-нд “Улаанбаатар палас”-т бусад арга хэмжээ болно. 26-ны өдөр солонгос үндэсний тоглолт, үндэсний хувцас Ханбуг загварын шоу болох бол 27-нд К-РОР тэмцээн зохиогдоно. Залуучууд дуу бүжгээр өрсөлдөж тэргүүн байранд шалгарсан баг БНСУ-д болох олон улсын К-РОР тэмцээнд оролцох эрхээр шагнуулах юм. Харин 28-нд К-РОР тоглолт зохион байгуулна. Энэ хүрээнд охидын  “Matilda” болон хип хоп урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Wild Duck” хамтлагийг урьсан. Тоглолтыг үзснээр монгол залуус К-РОР соёлоос суралцах боломжтой. Дашрамд хэлэхэд, өдөрлөг сонирхсон бүх хүнд нээлттэй тул чөлөөтэй ирж үзэж сонирхоорой гэж хэлье.
 
-Өдөрлөгийн хамгийн том тодотгол юу байх вэ. Монголчууд юуг нь илүү тодоор онцолж хараасай гэж хүсч байна вэ?
 
-Жил бүр бид энэхүү өдөрлөгийг зохион байгуулахдаа үндэсний хоол, кино, хөгжим буюу К-РОР урсгалыг байнга бүрэлдэхүүн хэсгээ болгож оруулдаг. Онцлог гэхээсээ жил бүр урьж оролцуулдаг хамтлаг дуучид өөр байх, эсвэл киноны сонголтдоо анхаардаг. Өдөрлөгөөр дамжуулан монголын ард түмэн солонгосын соёлыг илүү мэддэг болоосой, хоёр орны иргэд бие биетэйгээ илүү дотно харьцаасай, үүгээрээ дамжуулаад хамтын ажиллагаа илүү өргөжөөсэй гэх үүднээс эл арга хэмжээг зохион байгуулж ирсэн юм.
 
-Та монголын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа “Иргэдэд ойр Элчин сайдын яам байх болно” гэж хэлж байсан удаатай. Энэ үг надад их таалагдсан. Та энэ чиглэл рүү хандсан ямар ажлууд хийв. Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?
 
-Өнгөрсөн оны зургадугаар сард манай ЭСЯ шинэ байрандаа нүүж орсон. Өмнөх байрандаа байхад биднийг зорьж ирсэн иргэдэд үйлчлэх хүлээлгийн танхимгүй байлаа. Виз мэдүүлэх гэж ирсэн бүх хүн халуун хүйтнээс эс хамаарч гадаа зогсдог байсан. Үүнийг нь хараад маш их санаа зовдог байлаа. Шинэ байрандаа ороод хамгийн эхэнд виз мэдүүлэхээр ирсэн хүмүүсийг илүү тав тухтай орчинд хүлээж авах юмсан гэсэн хичээл зүтгэл гаргаж ажиллалаа.
 
Хоёрдугаарт ЭСЯ-ныхаа нэгдүгээр давхарт олон төрлийн соёлын арга хэмжээ зохион байгуулдаг болсон. Мөн соёлын арга хэмжээнээс гадна солонгос хэл сурч байгаа оюутан залуучуудын дунд чөлөөт ярилцлага зохион байгуулж байна. 
 
Үүнээс гадна Хөгжлийн албан ёсны тусламжийн төслүүд, Койкагийн буцалтгүй тусламжийн төслүүд гэх мэт олон төслүүдээр дамжуулан шаардлагатай туслалцааг үзүүлэх юмсан хэмээн ажиллаж байна. Мөн Солонгос руу явахаар виз хүсэгчдийн тоо маш их байх болсон. Гэхдээ бид виз мэдүүлэгчдийн материалыг аль болох цөөлөх юмсан, олон удаа зорчих нөхцөлтэй визийн хүрээг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.
 
-Тус ЭСЯ виз олголтод өөрчлөлт оруулсан. Энэ юутай холбоотой орсон өөрчлөлт вэ гэдэг дээр манай уншигчдад тайлбар өгөхгүй юу?
 
-Монгол-Солонгосын хооронд олон удаа зорчдог иргэдийг визгүй зорчуулдаг байсан. БНСУ-ын Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сараас эхлээд визгүй зорчих нөхцлөө бүрмөсөн байхгүй болгосон. Түүний оронд 5 жилийн хугацааны олон удаагийн виз олгодог болсон. Энэхүү зохицуулалт нь дэлхийн бүх оронд ижил тэгш үйлчилж байгаа. Тус өөрчлөлтийг дэлхийн нийтийг түгшээж байгаа террорист үйл ажиллагаатай холбоотой гэж ойлгож болно. Өмнө нь огт визгүй зорчдог байсан иргэд виз хүсдэг болсноороо жаахан хүндрэлтэй юм шиг боловч хэн хэдэн удаа зорчиж байна гэдэг статистик тоог гаргахад амар дөхөм болж байгаа юм. Цаад утгаараа бол та бүхний аюулгүй байдлыг хангах үүднээс уг өөрчлөлт орсон гэдгийг ойлгохыг хүсч байна.
 
-Сүүлийн үед виз хүсэгчдийн тоо олширсон гэж та яриандаа дурдлаа. ЭСЯ-нд өдөр хэдэн монгол иргэн хандаж байна вэ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар үзүүлэлт вэ?
 
-Одоогийн байдлаар өдөрт 600 гаруй иргэн виз мэдүүлж байна. Энэ оны 1-4 дүгээр сарын хооронд виз мэдүүлэгчийн тоог өнгөрсөн онтой харьцуулахад 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны 1-4 дүгээр сард 13 мянган хүн виз мэдүүлж байсан бол энэ онд 37 мянган хүн виз мэдүүлсэн байна.
 
-Статистик тооноос үзвэл Солонгос руу зорчих сонирхолтой иргэд цөөнгүй байгаа нь харагдаж байна. Та Элчин сайдын хувьд тэдэнд хандаж юу хэлмээр байна вэ?
 
-Цаашдаа хоёр улсын хооронд визгүй зорчдог тэрхүү нөхцөл хурдан бүрдээсэй гэж бидний зүгээс ч мөн адил хүсч байна. Одоогийн байдлаар Солонгос улсад 36 мянган монгол иргэн амьдарч байгаагаас 10 мянга гаруй нь хууль бусаар оршин суудаг. Иймд монгол иргэдэд хандаж хэлэхэд, Солонгос улсад хууль бусаар оршин сууж байгаа явдал шийдэгдэж байж визний хөнгөлөлтийн асуудал дараагийн шат руугаа орох болно.
 
-Визгүй болох тухайд хөндөж асуух нь эртэдсэн асуулт байж мэдэх юм. Гэхдээ цаг хугацааны хувьд төлөвлөж болох асуудал мөн үү?
 
-Одоогийн нөхцөл байдал дээр визгүй болох тухайд таамаглаж хэлэхэд хэцүү. Олон асуудал наааштайгаар шийдэгдсэний дараа ярих сэдэв юм даа.
 
 
-Манай улс Солонгос улс руу ажиллах хүчин илгээгээд бас ч үгүй хэдэн жил боллоо. Тэдгээр иргэдийн зарим нь олж авсан хэлний мэдлэг дээрээ тулгуурлан их дээд сургуульд сурах, эсвэл үргэлжлүүлэн гэр бүлээрээ амьдрах сонирхолтой байх шиг байдаг. Энэ тал дээр ямар нэг зохицуулалт бий юу?
 
-Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой харамсаж явдаг нэг асуудал надад байдаг юм. Учир нь хөдөлмөрийн гэрээний хүрээнд тухайн улсаас авах ажиллах хүчний тоог заасан байдаг. Энэ жилийн хувьд Монголоос 1700 ажиллах хүчнийг авна. Гэхдээ энэ тоо нь өнгөрсөн жилийнхээс 1100 хүнээр буурсан үзүүлэлт юм. Яагаад гэвэл өнгөрсөн жил Монголоос 2800 хүнийг авахаар байсан ч хөдөлмөрийн гэрээгээр явсан хүн нь 1050 байсан. Тиймээс квотдоо хүрч чадаагүй тул энэ жил авах хүний тоо хасагдсан.
 
Уг нь хөдөлмөрийн гэрээ гэдэг нь эхний ээлжинд 3 жил, цаашлаад сунгаад явах боломжтой хууль ёсны дагуу солонгост ажиллах бололцоотой нөхцөл юм. Өнөө жилийн 1700 хүний квотыг бүрэн дүүрэн ашиглах үүднээс Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай нягт хамтарч ажиллаж байна.
 
Хөдөлмөрийн гэрээгээр явж байгаа хүмүүстээ бас захиж хэлэхэд, тухайн компанидаа илүү ажилч хөдөлмөрч хандаж сайхан сэтгэгдлийг төрүүлэх хэрэгтэй. Тэгвэл Солонгосын олон компани Монгол хүн ийм чадварлаг, нөөц бололцоотой хүмүүс юм гэдгийг ухаж мэдэх болно. 
 
-Солонгос улс бол манай гуравдагч хөрш. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа нэмэгдэж байгаа гэгддэг боловч хоол үйлдвэрлэл, зочид буудал, мэдээллийн технологи зэрэг хэдхэн салбарт төвлөрч байх шиг. Хамтын ажиллагааны шинэ чиг хандлагыг та хэрхэн тодорхойлж байна вэ?
 
-Монгол-Солонгос хоёр орны хоорондын эдийн засгийн харилцааны нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна гэж боддог. Одоогийн байдлаар хоолны газар, ресторан, бараа бүтээгдэхүүний борлуулалт гэх мэт салбараас хальж чадахгүй байна. Тэгэхээр Монгол-Солонгос хоёр орны эдийн засгийн харилцааг идэвхтэй хөгжүүлэхийн тулд системтэй хүрээг бий болгох шаардлагатай.
 
Хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хамтарсан судалгаа яг одоо үргэлжилж байна. Судалгаа энэ оны 9 дүгээр сард дуусна. Улмаар хоёр орны Засгийн газрын түвшин дэх хэлэлцээрүүд эхэлнэ. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ойрын 2 жилийн хугацаанд байгуулах болов уу хэмээн харж байна. Түүгээр дамжуулж хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ тэлэх нь дамжиггүй.
 
Үүнээс гадна Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр олон төслүүд хэрэгждэг. Эдгээр хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын дэд бүтцийн салбарт болон мега төсөлд хөрөнгө болгон оруулах юм. Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн нэг нь 10 аймагт халаалтын систем байгуулах төсөл юм. Эдгээр төсөл амжилттай хэрэгжсэнээр Солонгосын олон компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулах гарц нээгдэнэ.
 
Түүнчлэн Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Үүнтэй холбоотой БНСУ-аас олгох санхүүжилтийг Монголын барилга, уул уурхай, эрчим хүч гэх зэрэг салбарт ашиглах боломжууд гарч ирнэ байх.
 
-Таныг манай оронд ажиллах хугацаанд парламентын сонгууль боллоо. Одоо удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Та Монголын сонгуулийн ардчиллыг хэрхэн үнэлж цэгнэж байна вэ?
 
-Би Монгол Улсад ирэхээсээ өмнө тус улс нь 1990 онд ардчилсан нийгмийн тогтолцоонд амжилттай шилжсэн улс гэдгийг судлаад ирсэн байсан. Намайг томилогдоод ирсний дараа парламентын сонгууль болсон. Ард түмний хүсэл сонголтоор шинэ Засгийн газар байгуулагдаад, үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байгаа гэж бодож байна. Ирэх сард Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно. Ерөнхийлөгчийн сонгууль ч гэсэн ард иргэдийн хүсэл зорилгод нийцсэн, шударга сонгууль болно гэдэгт итгэлтэй байна.
 
-Хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 27 жил болж байна. Өнгөрсөн хугацааны ололт амжилт болон хэтийн харилцааг хэрхэн төсөөлж байна вэ?
 
-Хоёр улсын хооронд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа харилцаа бол иргэд хоорондын харилцаа юм. Өнгөрсөн жил солонгосын 60 мянган иргэн Монголд, монголын 90 мянган хүн Солонгост айлчилсан байдаг. Нийтдээ 150 мянган иргэн харилцан айлчилсан гэсэн үг. Энэ тоог 2017 онд бараг 200 мянга давах байх гэж бид харж байгаа. Энэхүү тоог харахад хоёр орны иргэд хоорондын харилцаа маш идэвхтэй хөгжиж байгааг эндээс харж болохоор байгаа юм.
 
Одоогийн байдлаар Монголын 36 мянган иргэн Солонгост оршин сууж байна. Үүнээс 5000 гаруй нь оюутан залуус байдаг. Ер нь Солонгост сурсан эсвэл ажиллаад ирсэн монгол хүний тоо гэвэл нийтдээ 300 мянгаар тоологддог. Энэ нь Монгол Улсын нийт хүн амын 10 хувиас дээшхи үзүүлэлт юм. Мөн энэ тоог харахад хоёр орны хоорондын харилцаа өндөр түвшинд байгааг илтгэж байна.
 
Үүний зэрэгцээ ЕБС-д солонгос хэлийг судалж буй хүүхдийн тоо 4000 гаруй, их дээд сургуульд сурч байгаа оюутны тоо 2000 гаруй байна. Солонгос хэлийг сурч байгаа оюутан залуусын тоо ийн нэмэгдэж байгаа нь хоёр орны хөгжилд илүү нааштай үр дүнг авчирна гэж харж байна..
 
Эцэст нь хэлэхэд, энэ оны эхээр манай улсад улстөрийн нөхцөл байдал маш амаргүй байсан ч гэсэн Монгол Улсын эдийн засагт үзүүлэх дэмжлэгээ бид таслаагүй, үргэлжлүүлсээр байсан юм шүү. 
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг