sonin.mn
Сэлэнгэ аймаг /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Хурниад компанийн хаврын тариалалтын явцтай танилцлаа.
Тус компани сумандаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг бөгөөд 2000 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж. Энэ онд нийт 1200 га талбайд тариалалт хийж байгаа бөгөөд өнөөдөртөө багтаад тариалалтаа дуусгахаар төлөвлөж байгааг Хурниад компанийн захирал Б.Батболд хэллээ.
 
Тэрбээр, "Дэлхий нийтэд технологийн хөгжил өндөр хэмжээнд хүрсэн. Үүнийг дагаад шинэ технологи дээр ажиллах боловсон хүчин бэлтгэх шаардлагатай байгаа. Энэ л тулгамдсан асуудал болоод байна. Шатахуун, тоног төхөөрөмжийн хөнгөлөлт зэргээр Засгийн газар хэрэгцээтэй дэмжлэгүүдийг өгч байгаад талархаж байна" гэв.
 
Ерөнхий сайд саяхан БНХАУ-д айлчлал хийсэн. Энэ үеэр тус улсад газар тариалангийн мэргэжилтэн бэлтгэхээр тонирсон гэдгийг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн дурдлаа. Үүний дараа Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Их шинэстэй" компанийн үйл ажиллагаатай танилцав. Тус компани энэ онд 2997 га талбайд тариалалт хийж байгаа аж. Үүнээс 200 га-д тосны ургамал, үлдсэнд нь улаанбуудай тариалах юм. Тариалалтын ажил энэ сарын 22-нд дуусах аж. Компанийн удирдлагуудийн зүгээс Засгийн газраас өгч буй шатахууны 30 хувийн хөнгөлөлтийг тасралтгүй үргэлжлүүлэхийг хүслээ. Ерөнхий сайд ч шатахууны хөнгөлөлтийг жил бүр тогтмол өгөхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
 
Сэлэнгэ аймгийн хувьд энэ жил 174 мянган га талбайд тариалалт хийж байгаа юм. Үүнээс 85 мянган га талбайд улаан буудай тариалж байгаа аж. Бусад талбайд төмс, хүнсний ногоо, тэжээлийн болон тосны ургамал тариалж байна. Одоогоор тариалалт 60 хувьтай байгаа бөгөөд энэ сарын 24 гэхэд 100 хувьд хүргэхээр төлөвлөсөн. Тариалсан талбайгаас ургацаа бүрэн хурааж чадвал улсын нийт ургацын 35 хувийг бүрдүүлэх боломжтой гэдгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог танилцуулав.
 
Сэлэнгэ аймаг. Ерөө сум Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг