sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан “Монгол Улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодисын эргэлтэд тавих хяналт, өнөөгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар сонслоо.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: -Манай улс хар тамхи зөөвөрлөгч тээвэрлэгч ангилалд ордог байсан бол одоо хэрэглэгч орон руу орж байх шиг байна. Энэ бол сэтгэл зовоосон асуудал. Өнөөдөр 18 зүйлийн ургамал байна гэсэн судалгаа гарсан байна. Судалж шинжилдэг лабораториуд хэр түвшинд ажиллаж байна вэ?
 
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: -2010 оноос хар тамхи хэрэглэгчдийн тоо өсч байна. Ялангуяа өсвөр насныхны дунд хэрэглэх нь их болсон. Төрөөс барьж буй энэ чиглэлийн бодлого нэг хэсэг суларсан тал бий. Ер нь шаардлагатай тоног төхөөрөмж бүхий лаборатори дутагдалтай.
 
УИХ-ын гишүүн, Б.Бат-Эрдэнэ: -Оногдуулж буй ял шийтгэл олон улсын түвшинд хүрч очсон уу?
 
Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ө.Энхтөр: -Сүүлийн 10 жилийн хугацаанд хар тамхи хэрэглэх явдал нэмэгдсэн. ТББ-ууд дээр хар тамхи хичнээн хүн хэрэглэж байгаа тухайд бүртгэл хийдэг. Эрүүгийн байгууллагаас гаргасан тоо бол байдаг. Ер нь нэг хэрэглэгч хүний ард 5 хүн байдаг гэсэн тооцоолол бий. Залуучуудын дунд “мөс” хэрэглэх нь ихэссэн. Голчлон чинээлэг айлын хүүхдүүд үүнийг ихээр энэ хэрэгт ороогддог. Тухайн оронд хар тамхины хэрэглээг бий болгохын тулд чинээлэг хэсэгт тархалтыг бий болгодог. Ял шийтгэлийн хувьд олон улсын жишигт хүрч байна.
 
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: -Тээврийн жолооч нар нойроо хүргэхгүй гэж ийм төрлийн бодис хэрэглэдэг гэсэн. Өнөөгийн хууль дотор ямар алдаа дутагдал байна вэ. Урлагийнхан уран бүтээлдээ өөрсдөө мэдэлгүй сурталчилгаа хийж байна. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй.
 
Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ө.Энхтөр: -Хар тамхины хэрэглээ Улаанбаатар, Эрдэнэт, Орхон аймагт их байна. Түүнээс бусдаар орон нутагт хэрэглээд байгаа юм байхгүй. Хилийн бүс, Замын-Үүд орчмоор тээвэрлэх тохиолдлууд бол гардаг. 
 
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -1152 хүн шалгагдсан гэсэн мэдээ байна. Тэгэхээр нөхцөл байдал хүндэрч байна гэсэн үг. Би гаалийн даргаар ажиллаж байхдаа 750 мянган ам.доллараар лаборатори байгуулж байсан. Одоо бол лабораторио шинэчлэх цаг нь болсон. Мөн хар тамхитай тэмцэхэд нохой ашигладаг. Иймээс гаалийн албаны ажилтнуудыг мэргэшүүлэх, нохой сургах зэрэгт анхаарах хэрэгтэй.
 
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:  -Гаалийн байгууллага бол зөвхөн татвар бүрдүүлдэг байгууллага биш. Хорио цээртэй бараа бүтээгдэхүүнийг хилээр оруулахгүй байх үүрэг хүлээдэг. Мансууруулах бодис хэрэглээний эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 8 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ хүрээнд 14 аймагт ургаж байгаа өвсийг устгах, гаалийн ажилчдыг сургах, лабораторийг шинэчлэх, сургалт сурталчилгаа явуулах зэрэгт ашиглана гэвэл илүү ч санхүүжилт шаардаж мэдэхээр байна.
 
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: -Хар тамхитай тэмцэх нэгдсэн арга барил байхгүй. Улс бүр тусдаа тэмцдэг гэж ярьж байна. Манай улсын арга барил юу вэ. Өмнөх Засгийн газар юуны түрүүнд “Эдийн засаг” гэж тодорхойлж байсан. Энэ бол хамгийн анхаарах асуудал мөн шүү. Гэтэл өнөөдөр цус, шээсний шинжилгээ л авч байгаа юм байна. 
 
Цагдаагийн Ерөнхий газрын дарга Энхтөр: -Дэлхийн зарим орон иргэдийнхээ тархитай нь ажилладаг. Зарим нь хатуу гараар барьдаг. Манай орны хувьд сэтгэхүйн хувьд иргэддээ сайтар ойлголт өгөх шаардлагатай гэж цагдаагийн байгууллага үзэж байгаа. Мөн сүүлийн үед залуус хар тамхи хэрэглэснээс болж амь насаа хороож байгаа тохиолдол гарсан. Эдгээрийг судлахаар гадаадад сурсан хүүхдүүд эх орондоо ирээд бие биедээ зааж өгдөг байх жишээтэй.
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхирваа: -Улстөрчдийн хүүхдүүд хар тамхи хэрэглэсэн тухай нийгэмд яриа гардаг. Тэгсгээд мартагддаг. Ер нь ямар ял оноодог вэ?
 
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: -Тэнсэн харгалзах ял авдаг байсан. Тиймээс 1-5 жил хугацаагаар зорилгогүй хэрэглэсэн, худалдаалсан бол хорих ялтай болгож хуулийн заалтыг оруулж ирсэн. Мөн зохион байгуулалттай байнга үйлдсэн бол ялын хэмжээ нэмэгдэнэ. Гэхдээ иргэн гэм буруугаа хүлээвэл ял бууруулахаар хуульчилсан. 
 
Асуулгатай холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа асуулга тавьсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлсэн. Тэрбээр ялын заалт хөнгөн байна. Онгоцны буудлуудыг тоноглох хэрэгтэй. Нохойгоо сургах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.
 
Үүгээр чуулганы баасан гарагийн үдээс хойшхи хуралдаан өндөрлөв.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг