sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.
 
Хуульд "Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэж заасныг өөрчилж, "21 хоног" болгохоор өөрчлөлт оруулахаар өргөн барьсан юм. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг 6 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоосон бөгөөд товлосон хугацаа хүртэл 40 орчим хоног үлдээд байгаа. Хэрэв Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган зохион байгуулбал улсын төсвөөс шаардагдах 30 тэрбум төгрөгийн зардлыг буруулах, хэмнэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн. 
 
Төрийн байгуулалтын байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, улмаар өнөөдрийн хуралдаанаар оруулж ирсэн юм. Төсөл санаачлагчийн илтгэл болон, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд Ард нийтийн санал асуулгыг 21 хоногийн хугацаанд явуулж, иргэдэд энэ талаархи мэдээллийг бүрэн хүргэж чадах уу, Үндсэн хуульд өөрчлөлт хийх талаар ард түмнээс санал авч, судалгаа хийсэн үү гэдгийг тодруулсан юм. Түүнчлэн ард нийтийн санал асуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган хийх болсон шалтгаан, үндэслэлийг нь илүүтэй сонирхож байлаа.
 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хариултдаа, “МАН -ын 2016 оны мөрийн хөтөлбөр болон 2016-2020 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт засаглалыг тогтвортой байлгах асуудал тусгагдаж, үүнийг Улсын Их Хурлаас баталсан. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ард нийтээс санал асуулга явуулж, анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг хийсэн. Иргэд маань Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж, дэмжсэн байгаа. Ард нийтийн санал асуулгыг 06 дугаар сарын 05-нд товлон зарлаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль хүртлэх 25 хоногийн хугацаанд бэлтгэл ажил, иргэдийг мэдээллээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцсон. Ард нийтийн санал асуулга явуулахад 30 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Иймд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас 30 тэрбум төгрөг хэмнэж,  Монгол Улсын Ерөнхийлөгийн сонгуультай хамтатган явуулахаар болсон нь шийдсэнтэй холбоотой” гэж байлаа.
 
Ингээд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69,4 хувь нь дэмжлээ. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах байнгын хороонд нь шилжүүлэв.
 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг