sonin.mn
БЭЭЖИН. /TASS/. Хиймэл оюун ухаан ирээдүйд хүн төрөлхтөний соёл иргэншлийг сөнөөн устгах шалтгаан болж магадгүй ажээ. Энэ тухай пүрэв гарагт Британийн нэрт эрдэмтэн Стивен Хокинг  Хятадын нийслэлд хөдөлгөөнт интернетийн дэлхийн бага хурлын хүрээнд болсон видеохурал дээр мэдэгджээ.
“Хиймэл оюун ухааны хөгжил нь хүн төрөлхтөнд эерэг сайн зүйлүүдийг авчрах ч бас хамгийн аймшигтай хүчин зүйл болж болзошгүй юм. Хиймэл оюун ухааны учруулж болох аюулыг бид ухаарч ойлгох ёстой” хэмээн тэр онцлон хэлжээ. 
С.Хокингийн үзэж байгаагаар, нэн шинэ технологиуд нь хүнийг эцэстээ чадавхийн доройтолд оруулж, байгалийн үзэгдлийн өөдөөс сөрөн зогсох чадваргүй ямар ч арчаагүй нэгэн болгох аюултай юм. Байгалийн хувьсал, амьд үлдэхийн төлөө тэмцэл явагдаж буй нөхцөлд энэ нь найдвартай үхэл мөхөл гэсэн үг юм.
Гэхдээ хиймэл оюун ухааныг чадварлагаар ашиглах юм бол дэлхийн асуудлуудын ихэнхийг нь шийдэх чадвартай гэж эрдэмтэн тэмдэглэн хэлжээ. “Дашрамд хэлэхэд энэ бүхэн заавал болно гэж би үзэхгүй байна” хэмээн С.Хокинг үгээ төгсгөжээ.
 
О.Барс 
Эх сурвалж : Монцамэ агентлаг