sonin.mn
АНКАРА. /BBC/. Оросын тагнуулын хөлөг онгоц Туркийн эрэгт ачааны хөлөг онгоцтой мөргөлдөж живсэн гэж Туркийн эргийн хамгаалалтын алба мэдээлэв.  
 
Орон нутгийн цагаар 14:48 цагт Туркийн Килиос хотоос 29 км зайнд осол болжээ. Осолдсон Лиман нэртэй хөлөг онгоц нь Оросын Хар тэнгисийн флотод харьяалагддаг ажээ. Харин Туркийн ачааны хөлөг онгоц мал тээвэрлэж явсан байна.
 
Хөлгүүд мөргөлдсөн шалтгааныг манан ихтэй, харагдах орчин муу байсантай холбон тайлбарлаж байгаа юм.
 
Туркийн ерөнхий сайд Бинали Илдирим Оросын ерөнхий сайд Дмитрий Медведевтэй утсаар ярьж, осол гарсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
 
Оросын Хар тэнгисийн флотын хөлөг онгоцууд Босфорын хоолойгоор дамжин Газар дундын тэнгис мөн Сирийн баазад хүрдэг.
 
Лиман хөлгийн 78 гишүүнийг эрэгт аюулгүй гаргаж ирсэн гэж Туркийн аврах албаныхан мэдэгджээ.
Оросын тал дүрэм журмын дагуу зорчиж явсан бөгөөд Туркийн ачааны хөлгийг алда гаргасан гэж үзэж буйгаа Интерфакс агентлагт мэдээлсэн байна. Лиман хөлгийн командлагч асан адмирал Виктор Кравченко уг ослыг “Энэ бол хэвийн үзэгдэл биш. Би олон хөлөг онгоц мөргөлдөхийг үзсэн гэвч байлдааны хөлгийг живэхэд хүргэсэн ослыг үзэж байгаагүй” гэж Интерфакс агентлагт өгсөн ярилцлагтаа дурджээ.
 
Лиман хөлөг 1970 онд Польшийн Гданьск хотод үйлдвэрлэгдсэн ба ЗХУ-ын умард флотод харьяалагдаж байгаад 1974 онд Хар тэнгисийн флотод шилжсэн аж. 2014 онд Орос улс Украинаас салган авсан Кремийн хойгийн Севастополь хотод байрлаж хэдэн арван жилийн турш Сирийн Тартус боомт руу байнга зорчдог байжээ. Лиман хөлөг 1999 онд Югославийн эсрэг явуулсан НАТО-гийн ажиллагааг хянахаар Газар дундын тэнгист илгээгдэн анх удаа олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхааралд өртсөн байна. 
 
 Х.Сарнай 
Эх сурвалж :Монцамэ агентлаг