sonin.mn

Түрүүч нь Улаанбаатар усгүй болохын цагт

Усны менежментийн талаар манай төр засгийн байгууллагууд учиргүй их ярьдаг. Жил бүр хэрэгжүүлдэг, түүндээ улсын төсвийг зарцуулдаг менежмент гэгчийн үр шимээр ус арвижиж, нэмэгдсэн гэж та дуулсан уу. Усны менежмент гэх нэрийн дор маш олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Ялангуяа гадаадын өндөр санхүүжилттэй хөтөлбөрүүд өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн. Одоо ч хэрэгжүүлж байгаа нь бий. Тэдгээрийн үр шим хаана байна вэ. Үнэндээ болгоно, бүтээнэ гэсэн сайхан лоозонтой төсөл хөтөлбөрүүдийн цаана мөнгө угаах, ашиг хүртэх гол ажил явагддагийг усны салбарын томоохон эрдэмтэд онцолж байна. Нэг төсөл хэрэгжлээ гэхэд түүний зөвхөн 10 хувь нь зорилгодоо хүрдэг, үлдсэн нь хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч талдаа хуваагдан ашиг болж очдог бичигдээгүй хуультай гэнэ.
 
​​​​​​​
 
Усны бодлого манай улсад ямар байгаа талаар Усны ассоциацийн тэргүүн, доктор Д.Батмөнх нэгэн илтгэлдээ “Манай улсын  хэмжээнд газар доорх усны нөөцийн байгалийн болон ашиглалтыг  хянах мониторинг байхгүй  байгаа нь нөөцийн бүрдэлт, нөхөн сэргээлт, хомсдол, бохирдолтын талаар дорвитой дүгнэлт хийж цаашдын чиг, хандлагыг тодорхойлоход бэрхшээлтэй байна. Байгалийн  усны нөөцийг өвөл, хавар, зун, намрын улиралд болон  ус дутагдалтай  бүс  нутагт  хэрхэн  хуваарилах, томоохон  уул  уурхайн үйлдвэрлэлд  нөөц  хүрэлцэх үү, эс хүрэлцэх талаар усны нөөцөд  тулгуурлан  ашиглах менежментийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж  байна. Газар доорх цэнгэг ус нь стратегийн эрдэс баялаг гэдгийг нийтээрээ  хүлээн  зөвшөөрч , түүний ашиглалт, хамгаалалт, судалгаанд  томоохон  өөрчлөлт  хийх цаг  болсон” гэсэн байна. Түүнтэй ижил байр суурьтай олон хүн энэ салбарт байгаа нь нууц биш.
 
Үүний тод жишээ нь Улаанбаатар хотын хүн амыг ундны усаар хангаж буй Туул гол. Туул голын Монгол орны нутаг дэвсгэрийн 3.19 хувийг эзэлдэг хэрнээ нийт хүн амын 50 хувийг эзэлсэн ачаалалтай сав газар юм. Туул голтой холбоотой түмэн олон төсөл, хөтөлбөр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн. Гэвч урсац нь нэмэгдэж, бохирдол нь багассан зүйл үгүй. Үүний тод жишээ гэхэд одоогоос гурван жилийн өмнө нэгэн компани Туул голын урсацыг нэмэгдүүлэх хэдэн тэрбумын төсөл хэрэгжүүлж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Туул голын эхэн орчимд уулын жалганд хэд, хэдэг худаг гаргасан байдаг. Гэвч тэрхүү худаг нь ажиллаад Туул голын урсацыг нэмэгдүүлэх битгий хэл хэдэн тэрбумын үнэтэй хөрөнгө уулын жалганд үр ашиггүй хэвтэж байна. Үүнийг хянаж шалгаж, үр дүнгийг нь нэхэж, хариуцлага тооцох хүн өнөөдөр хүртэл үгүй. Ийм л маягаар монголчууд байгалийн баялагтайгаа харьцсаар эцэст нь усны хомсдолд орох эрсдэл тулгараад байна.
 

 

Улаанбаатарын ундны усны эх үүсвэрийг нэмнэ гээд бас л томоохон санхүүжилттэй төслөөр 10 гаруй худаг гаргаад эдүгээ тэр нь бас л ажиллагаагүй хог болж хэвтэж байгаа тохиолдол байна. Үүнийг усны чиглэлийн төрийн томоохон байгууллага гүйцэтгэсэн юм билээ. Гэвч төрийн байгууллагын тайлан тооцоонд хийсэн бүтээсэн, үр дүн ахиц гарсан гэж ирээд л том, том ярьсан дарга даамлууд олон байна. Харин газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгааг байгаль өөрөө тод томруунаар харуулаад өгч байна.
 
Эх сурвалж " Зууны мэдээ " сонин