sonin.mn
УИХ-ын гишүүн  Ц.Гарамжав Хуульзүйн байнгын хорооны хуралдаан  дээр Зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчийг  10 сая, хэвлэл мэдээллийн байгууллагыг 100 сая төгрөгөөр торгох санал оруулж ирснийг байнгын хорооны гишүүдийн ихэнх нь дэмжсэн юм. Хэвлэлийн эрх чөлөөг боомилох, сэтгүүлчийн хардах шүүмжлэх эрхийг хязгаарлах  гэсэн энэхүү заалтыг эсэргүүцэж телевизүүд цагийн турш эфирээ хааж, сонин сайтууд тэргүүн нүүрээ “Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа” хэмээх үгсээр сэрэмжлүүлсэн юм. Тэмцлийн үр дүнд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав саналаа татсан ч УИХ-аар хэлэлцэгдэж буй Зөрчлийн хуулиар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагыг 2-20 саяар торгох заалт хэвээрээ байгаа юм. Иргэдийн мэдэх эрхэнд халдсан энэхүү үйл явдлын талаар Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Зөрчлийн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар нарын байр суурийг хүргэе.
 
Ш.Раднаасэд: СЭТГҮҮЛЧДИЙН ТОДОРХОЙ АСУУДАЛ ДЭВШҮҮЛЭХ, ХАРДАХ ЭРХ НЭЭЛТТЭЙ
 
-2015 онд батлагдчихсан Зөрчлийн хуульд засвар хийж оруулж ирж байгаа. Одоогийн хуулиар гүтгэсэн нь шүүхээр тогтоогдох  юм бол сэтгүүлч хоёр сая, хэвлэл мэдээллийн байгууллага 20 сая төгрөг заалт байгаа.  Байнгын хорооны хурал дээр зарим гишүүд санал гаргаад 20, 100  сая болгож дэмжигдсэн. Ер нь Одоогийн  Эрүүгийн хууль дээр үүнээс чанга хариуцлага явж байгаа. Санал гаргасан Ц.Гарамжав гишүүн эрхийнхээ дагуу саналаа татаж авсан гэж ойлгож байгаа. 
 
Өмнөх Зөрчлийн хуулиар торгуулийн нэг нэгж 2000 төгрөг байсныг шинэ хуулиар 1000 төгрөг болгож оруулж ирж байгаа. Торгууль, хаах боох асуудлыг аль болох хөнгөлөх, чөлөөлөх байдлаар хуулийн төсөл явж байна. Бүхэлд нь торгож шийтгэх зүйл байхгүй. Нийгмийн харилцаанд орж байгаа тохиолдолд тогтоосон хэм хэмжээнээс илүү гарах юм бол хариуцлага хүлээх нь аль ч улсад байдаг зүйл. Ажлын хэсгээс санал гаргаад хуулийн заалтаас сошиал ертөнц хасагдсан. Сэтгүүлчдийн тодорхой асуудал дэвшүүлэх, хардах эрх нээлттэй. Гүтгэх бол өөр зүйл
 
Д.Сарангэрэл: УЛСТӨРЧИД УУЧЛАЛ ГУЙХ ЁСТОЙ
 
-Монголын тэрдундаа сэтгүүлзүйн түүхэнд байгаагүй хараар тэмдэглэн үлдэх үйл явдлыг энэ парламентын үед гаргалаа. Энэ үйлдлийг хэвлэл мэдээл­лийн байгууллагууд эсэргүүц­сэн нь зөв. Ард түмний үнэнийг мэдэх эрх ашгийн талд зогслоо гэж харж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, олон нийт цочирдлоо. Ийм байдалд хүргэснийхээ төлөө улстөрчид уучлал гуйх ёстой. Монголын төрийн парламентын нэр хүндийг сэвтүүллээ. Торгуулийн хэмжээ, хорих ялыг нэмэг­дүүлье гэдэг санаа зарим улстөрчдөөс гарч байсан.
 
Сэтгүүлчдийн, хэвлэл мэдээллийн байгууллагыг торгохоос өөрөөр асуудлыг шийдвэрлэх олон арга бий. Сэтгүүлч алдаа гаргасан тохиолдолд уучлал гуйж залруулдаг ёсзүйн зөвлөлтэй болсон. Хариуцлага хүлээхгүй гэж яриагүй. Гүтгэлэг гэж байгаа­гийн  цаана улс төрчдийн өөрийгөө хайцаалах зүйл л бий. Үүгээр хэв­лэл мэдээллийг мохоох, ард түм­ний үнэнийг мэдэх эрхийг боож байна. Ганцхан байнгын хороон дээр яригдсан зүйлээс болж бүх ги­шүүд хэв­лэлийн эрх чөлөөний эсрэг байгаа мэт ойлгогдлоо. Санаачлагч саналаа татсан ч маш том сэв, гомдол үлдлээ. Энэ асуудлыг намын удирдах зөвлөлийн хурал дээр ярьсан. Но-той хүмүүс хэвлэл мэдээллийг санхүүжилтээр боомилох гэсэн оролдлого бүтэхгүй.
 
Х.Нямбаатар: ГҮТГЭХ ДОРОМЖЛОХ ЗЭРГИЙГ ТУСГАЙ ЖУРМААР ШАЛГАЖ, ШҮҮХ ШИЙДВЭРЛЭНЭ
 
-Зөрчлийн хуулийн  гүтгэх доромжлох зохицуулалт өөрчлөгдөхгүйгээр орж ирсэн. Зарчмын зөрүүтэй 70 гаруй санал хураахад хажуугийн хэд хэдэн санал орж ирсэн. Харамсалтай нь торгуулийн хэмжээг нэмэх санал зарчмын зөрүүтэй саналын хажуугаар орж ирээд дэмжигдсэн байсан. Ажлын хэсгийн санал дээр торгуулийн хэмжээг нэмэх ямар ч зүйл яригдаагүй.
 
Санал гаргасан гишүүн саналаа татсан байна. Зөрчлийн хуулийн үндсэн зорилго бол нийт иргэдийн амар тайван амьдралын баталгааг хангах. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоос давсан нэг ч баривчлах шийтгэлийг оруулаагүй. Хуучин горимоор буцааж нэгтгэж байгаа. Түүнээс шинэ эрхзүйн дэглэм үүсгээгүй. Гүтгэх, доромжлохыг зөвхөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага гаргадаггүй. Гүтгэх доромжлохыг зөвхөн цагдаагийн байгууллага шийдэхгүй. Зөрчлийн хуулийг дагаж орж ирж байгаа хуулийн шинэ заалтаар  хулгай, гүтгэх доромжлох зэргийг тусгай журмаар шалгана. Гэм бурууг шалган тогтоох тусгай ажиллагаа хийгдэж гэм бурууг шүүх шийдвэрлэнэ.
 
С. Уянга
Эх сурвалж " Зууны мэдээ" сонин