sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг “Ярилцах цаг”-ийн зочноор  урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Монгол Улс эдийн засгийн хямралтай амаргүй үе, дараалсан сорилтууд  одоо ч үргэлжилж байна. Нөхцөл байдал болоод ачааг нуруундаа үүрсэн гүйцэтгэх засаглал ер нь хэр ажиллаж ирсэн гэж та дүгнэж байна?
 
-Өнгөрсөн жил байгуулагдсан Засгийн газрын ажиллах нөхцөл өөрөө их өвөрмөц л дөө. Нэгдүгээрт, нийгмийнхээ ерөнхий бүтэц, тогтолцооны талаас авч үзвэл Монголын төр, нийгмийн тогтолцоо гажуудалд орж, эдийн засаг асар их хүндэрч улс үндэстэн дампуурлын ирмэгт очсон ийм үед байгуулагдсан Засгийн газар.
 
Энэ Засгийн газрын ажлын үр дүн, арга барилыг монголчууд хагас жил харж байна. Зарим дүгнэлтийг хийж болох байх. Улс төрийн ямар нэг хэлбийлтгүйгээр бодитойгоор харъя гэвэл энэ Засгийн газарт ололттой, ахицтай алхмууд ч байна, шүүмжлэлтэй хандах зүйл ч байна гэж би боддог. Ахицтай талаас нь гэвэл, сайн муу  ямар ч болов Монголын эдийн засгийг дампууралд хүргэлгүйгээр өрийн  асуудлыг шийдэх гарцуудыг ерөнхийд нь олж байх шиг байна. Нөгөө талаас, Засгийн газрын зүгээс Ерөнхий сайдын илэрхийлж байгаа санаа бодол төрийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр санаачилга гаргаж байгаа нь ахицтай тал гэж үзэх үндэслэлтэй.Засгийн газрын  эдийн засгийн бодлого явуулж байгаа ерөнхий арга барилыг авч үзвэл, Засгийн газар байгуулагдах үед энд хэт итгэсэн төвөгтэй байдал, тухайлбал, Засгийн газрын эдийн засгийн гол салбарууд мэргэжлийн хандлага гаргаж чадаагүй. Үүнээс болж төрийн бодлогод илэрч байгаа доголдлууд бий. Сая төсвийн тодотгол хийхдээ эдийн засаг хүнд байна гээд олон түмэндээ  үүрүүлэх ачааллаа нэмчихсэн хэрнээ төрийн төсвийн урсгал зардлыг нэмээд тавьчихлаа. Энэ бол олон түмэн эрүүл сэтгэлгээгээр хүлээж авах боломжгүй зүйл. Иймэрхүү зүйлүүд байна. Гэхдээ Засгийн газрын одоогийн байдлыг аваад үзэхэд бас сонин зүйлүүд ажиглагддаг л юм.
 
-Тэр нь юу билээ?
 
-Би хааяахан мэдээ хардаг. Шинэ жилээс хойш Засгийн газарт өөрчлөлт оруулах талаар хэл ам яригдаж байгаа тухай мэдээлэл гарна лээ. Энэ талаас хандах юм бол зөвхөн эдийн засгийн үр дүн гэхээс илүү улс орны язгуур эрх ашгийг харах шаардлага бий. Энд ямар асуудал байна вэ гэвэл, нэгдүгээрт удахгүй  Ерөнхийлөгчийн сонгууль явуулах гэж байна. Энэ бол Төрийн тэргүүнээ сонгох улс төрийн том арга хэмжээ. Засгийн газраар оролдож, Засгийн газрын тухай ямар нэг хэл ам гаргана гэдэг ямар нэг байдлаар  олон түмний анхаарлыг Төрийн тэргүүний сонгуулийн асуудлаас хөндийрүүлж, сонгуулийг ор нэрийн төдий хийх байдалд хүргэнэ. Энэ бол улс төрийн бохир технологийн нэг хэвшсэн арга. Сонгуулийн үед ямар нэг өөр асуудлаар шуугиан дэгдээдэг. Олон түмний анхаарлыг хөндийрүүлдэг. Өөр нэг асуудал нь бид Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг олон түмэн  нухацтай хэлэлцэж, сайн ойлгож, нийгэмд, ард түмэнд үүсээд байгаа бэрхшээлтэй асуудлуудын ул суурь нь юу вэ гэдгийг олж шийдэх байх. Үндсэн хуулийн асуудлыг шийдээгүй байхад төр, засгаар оролдох нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлбэрийн төдий явуулах байдалд л хүргэнэ. Тиймээс Засгийн газраар оролдох асуудал байж болохгүй.
 
-Засгийн газрыг тогтвортой ажиллуулах шаардлагыг та хэллээ. Энд өөр ямар хүчин зүйлүүд байна?
 
-Миний харж байгаагаар 2-3 хүчин зүйл байна. Нэгдүгээрт, сүүлийн үед Монголын улс төрд төр, засгийг бүрдүүлчихээд дараа нь унагааж “Хоёрдугаар ээлж” хоолонд ордог. Ийм сонирхлоор унагааж, засгаа сольсны дараа  шинээр байгуулагдсан Засгийн газар нь түрүүчийнхээсээ улам дорддог, бүр арчаагүй байдалд хүрдэг. Ийм хувилбараар би Засгийн газраар оролдох асуудлыг буруу гэж үздэг. Нөгөө талаас Засгийн газрын ажлыг сайжруулаад явах юм бол одоо эдийн засгийн /блок/ хэсэг дээр хамгийн гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой.  Гэтэл  одоо  хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч юм уу, наад цаад шуугианыг харахад эдийн засгийн блоктой шууд холбоогүй, үндэснийхээ язуур эрх ашгийн гол цэгүүд дээр сууж байгаа хүмүүс рүү чиглээд байгаа.
 
-Жишээ нь хэн рүү ... ?
 
-Та нарт ямар мэдээлэл байдаг юм бол, миний харж, сонсч байгаагаар Батлан хамгаалахын сайдыг гэх юм уу, Байгаль орчны сайдыг ч гэдэг юм уу  цохлоод байна. Энэ хоёр хүний хувьд улс төрд арвин туршлагатай, хэн хэн нь монгол түмний хүлээн зөвшөөрч хүндэлж байдаг хүмүүс. Гэтэл  тэдний тухай ярина гэдэг тэр хоёр хүнийг төр засгаас шахаад ямар нэг асуудлыг өөрөөр шийдэх үүд хаалга нээхэд бэлдэж байна уу даа. Ийм сонирхол явж эхлэв үү гэж бодогдож байна. Манайхан гадны хөрөнгө оруулалтын ашиг сонирхол гээд их ярьдаг. Гэтэл “Рио Тинто”-гийнхон Оюутолгойн асуудал шийдэхдээ  Засгийн газрыг ямаршуу байдлаар хольж хутгаж байж шийдсэнийг бид Ч.Сайханбилэгийн Засгийн газрын асуудлаас тодорхой харж мэдэж авлаа шүү дээ. Засгийн газрыг нь солих эгзэгтэй мөчид нь аваачаад дундуур нь “Дубайн төлөвлөгөө” гээчийг шургуулж амжсан шүү дээ. Тэгвэл одоо ч ийм байдлаар хандах бололтой.
 
-Ерөнхий сайдын тухайд та юу хэлэх вэ?
 
-Ж.Эрдэнэбаттай би гар барьж мэндэлж ч үзээгүй, огт танихгүй. Хийж буй ажлын тухайд бол хоёр зүйл дээр үнэлж байдаг. Тэр нь юу вэ гэвэл “Дубайн гэрээ” батлагдсаны дараа Оюутолгойн будлиантай тайлангуудыг баталж гарын үсэг зураагүй хүн шүү дээ. Түүнийх нь төлөө наад хүнийг чинь өөрчлөх юм уу, зайлуулах асуудал гарч магадгүй. Нөгөө талаас, төрийн ажилтан, санхүүч мэргэжилтэй хүний хувьд сүүлийн үед хариуцлагын тухай яриад байгаа нь эрүүл дуу хоолой юм. Одоогийн хүнд нөхцөлд, хариуцлага гэдэг эрх мэдэлтнүүдийн хувьд хий хоосон зүйл болсон нөхцөлд бас чиг “Ажлаа хийж чадахгүй бол чи  зайлаад өг л дөө” гэж хэлдэг Ерөнхий сайдтай байгаа нь Монголын хувьд хэрэгтэй л байна шүү дээ.
 
-Засгийн газрын бүтцийг бужигнуулах нь Ардын нам доторх үйл явц  гэж сэтгүүлчийн хувьд  харж байна. Харин та...?
 
-Мэдээж, Ардын нам доторх үйл явдлын өрнөлтийг анхаарахгүй байж болохгүй л дээ. Ардын нам Монголын  томоохон улс төрийн хүчний нэг. Тэдний дотор юу болж байна гэхээр байдал сонин байгаа. Өмнө нь Монголын улс төрд голлож байгаа намууд намын дарга нь Ерөнхий сайд болдог байсан, тийм ээ?
 
-Тийм л дээ. Харин АН-ын үед З.Энхболд тэрийг өөрчилсөн,  Ардын нам ч гэсэн тэр замаар яваад байх юм...
 
-Үндсэн хуульд бол тийм заалт байхгүй шүү дээ. Сүүлийн үед л намын дарга нь УИХ-ын дарга  болоод сууж байдаг  хэлбэр рүү шилжчихлээ. УИХ төрийн эрх барих дээд байгууллага мөн гэж заасан Үндсэн хуулийн заалттай холбоотой байж ч мэдэх юм. Гэхдээ  Ардын намын хувьд одоогийн байдал их өөр. Намын дарга нь Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаад тэнд очоод хүлээгээд сууж байна шүү дээ. Энэ үед Ардын намынхны дотор намын дарга нь Ерөнхийлөгч болж намаасаа түдгэлзээд явсны дараа намынхаа дотоодод улс төрийн шинэ хуваарийг бас хийх ийм байдал гарч байгаа. Энэ талаас нь харах юм бол Ардын намын одоогийн байдал,  төр  засгийн эрх мэдлийн төлөө тэмцэж байгаа томоохон  бүлгүүд   Монголын язгуур эрх ашигт нийцэхгүй. Энд хямралын байдал үүсгэхүйц санаархалтай бүлэглэлүүд гарч ирж болзошгүй. Ийм учраас би улс төрийг ажиглаж суудаг хүний хувьд, Засгийн газраар оролдох шаардлагагүй гэж үзээд байгаа юм. Энд хамгийн гол асуудал нь бид  өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтөө маш нухацтай хэлэлцэж, зөв шийдвэр гаргасан тохиолдолд л амжилтад хүрч дараагийн зөв алхмыг хийж болно. Тэгэхгүйгээр төр засгаараа оролдож, шуугиан дэгдээх нь нэг талаас  Төрийн тэргүүний сонгуулийг, нөгөө талаас Үндсэн хуулийн асуудлыг ч буруу тийш нь эргүүлж  болзошгүй. Үүнийг бид анхаарах ёстой. Ард түмэн болгоомжтой байх ёстой.
 
-Ерөнхийдөө УИХ-д байгаа хоёр том намыг харж байхад АН доторх зөр­чил, сунгаанаас сун­гаа­ны хооронд хүчгүйдлээ. Ардын намын тухайд до­тоод асуудлыг нь та сая хэл­чихлээ. Ийм эв нэг­дэл­­гүй байдал нь өөрөө төр, засгийн тогтвортой бай­дал, аюулгүй байдалд сөрөг нөлөө авчирч байна. Үүнийг яаж засч залруулах вэ?
 
-Манайхан улс төрийн нам гэдэг ойлголтыг хэт шүтэж, туйлшруулсан. Энэ байгаа намууд Монголын орчин үеийг дэлхий ертөнц, бүс нутгийнхаа байдалд тохируулж авч явах үзэл бодолгүй улс төрийн хүчнүүд л дээ. Зөвхөн эрх мэдлийн төлөө л өрсөлдөж байгаа. Энэ байдал үнэхээр харамсалтай. Гэхдээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн хүмүүсийн асуудал аргагүй ач холбогдолтой шүү дээ.
 
-Энэ үгийг ч гэсэн та Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх чухал цаг үед төр, засгаар оролдолгүй тогтвортой байлгаасай гэдэг утгаар хэлж байна уу?
 
-Мэдээж. Миний хэлж байгаа гол зүйл бол Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлтийг угтаж ямар нэг будлиан гаргахгүйгээр тогтвортой нөхцөлд асуудлыг шийдэх ёстой. Энэ хамгийн гол нөхцөл. Хэрэв сайн ч бай, зөв ч бай Засгийн газраар оролдож, төр засаг нь бужигнаад эхэлбэл ард түмнийг гол асуудлаас хөндийрүүлж дахиад дараагийн эвгүй байдалд орох үүд хаалга нээж байгаа юм.  Тиймээс болгоомжлох хэрэгтэй.
 
-Хэдхэн хоногийн дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч­дийг бүртгэнэ. Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр нь яригдаж байгаа горилогчдын талаар ямар бодолтой байгаагаа хуваалцаж болох уу?
 
-Намуудын хувьд дотроо нэр дэвшүүлэх асуудлаа ярьж хөдөлгөөнд орж байх шиг байна. Гэхдээ албан ёсоор эрх бүхий субьектүүд нь нэр дэвшүүлээгүй байхад тэдний талаар ярих асуудал байхгүй биз дээ. Ямар ч байсан Ерөнхийлөгчид улс үндэснийхээ эрх ашгийг дээдлэх чадвартай, түүнийхээ төлөө тэмцэх чадвартай, нийгмээ одоогийн хямралт байдлаас гаргах хүсэл зоригтой тийм  хүмүүсийг нэр дэвшүүлээсэй гэж  л дотроо бодож суудаг шүү дээ.
 
-Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
 
Ч. Үл-Олдох
Эх сурвалж " Зууны мэдээ"сонин