sonin.mn
БЭЭЖИН./TASS/. Хятад улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүн дэх армийн бүлгүүдийн тоо 18 байсныг 13 болгон цөөрүүлнэ гэж тус улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Ян Юйцюнь мэдэгдлээ.
 
“Энэ өөрчлөлт бол манай улсад шинэ маягийн арми байгуулахад чиглэсэн үндсэн алхам юм. Үүний үр дүнд Хятад улсын зэвсэгт хүчин тоо бус харин чанарын зарчимд суурилах болсноор түүний үр ашигтай байдал дээшилнэ” гэж мэдэгдэлд дурдсан байна. 
 
Дашрамд дурдахад, 2015 оны 11 дүгээр сард БНХАУ-ын дарга Си Зиньпин армид хийгдэх гэж буй өргөн хүрээтэй шинэчлэлийн талаар мэдээлж байсан билээ. 2018 он гэхэд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоог 300 мянгаар хорогдуулж, 2 сая хүнтэй болгохоос гадна армийн бүтцэд зохион байгуулалтын шинэчлэлийг 2020 онд хийж дуусгах аж.
 
Үүний сацуу зэвсэгт хүчинд зориулан төсөвлөж буй хөрөнгийн хэмжээ нэмэгдсээр байна. Тухайлбал, энэ онд гэхэд цэргийн зардлын хэмжээ 7 хувиар өсч, ДНБ-ний 1,3 хувьтай тэнцэх аж. Энэ нь 1 их наяд юань буюу 145 тэрбум доллар болж байгаа юм.
 
Х.Сарнай 
Эх сурвалж : Монцамэ агентлаг