sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
 
Уг хуулийн төслийн 6.21 дүгээр зүйлийн Гүтгэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг 10 сая, байгууллагыг 100 сая төгрөгөөр торгох” заалтыг нэмэх санал Ц.Гарамжав гишүүн гаргаж, энэ сарын 25-нд болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн дэмжсэн. Уг заалт нь хэвлэл мэдээллийн эрх, иргэний мэдэх эрхийг зөрчиж байна хэмээн Монголын нийт хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд эсэргүүцэж байгаа юм.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Энэ хуульд сэтгүүлчийн эрх, иргэдийн мэдээлэл авах эрхэд халдсан заалт оруулахыг байнгын хороо дэмжсэн байна. Тиймээс ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Их хэмжээний торгууль ногдуулах, хорих зэрэг нь улс төрчдийн хууль бус үйлдлээ нуух гэсэн үйлдэл хэмээн үзэж байгаа. Сэтгүүлч хэзээ ч санаатайгаар бусдыг гүтгэдэггүй” гэлээ. Мөн тэрбээр бусдыг мэргэжлийн алдаа гаргсан сэтгүүлчдэд хариуцлага тооцох Ёс зүйн зөвлөл Монголын сэтгүүл зүйн дээд байгууллагын дэргэд ажиллаж байгаа тул хуульд заалт оруулах шаардлагагүй хэмээв.
 
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, “2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд хүн гүтгэхийг гэмт хэргийн ангилалд оруулсан. Өнгөрсөн УИХ-аар баталсан Зөрчлийн хуулиар бусдыг гүтгэхийг гэмт хэргийн ангиллаас зөрчил рүү шилжлүүлж, 20 сая хүртэлх төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн юм. Байнгын хорооны хуралдааны үеэр торгуулийн хэмжээг нэмэх санал гаргасныг олонх дэмжсэн. Энэхүү саналыг одоо чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ үеэр уг санал унаж ч болно” гэсэн тайлбар өгөв.
 
Мөн М.Оюунчимэг гишүүн, Зөрчлийн тухай хуульд хүний эрхийг баталгаажуулах чиглэлд эргэж харах асуудал бий. Үүний нэг нь одоо хөндөгдөж буй гүтгэх асуудал юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхийг хязгаарласан хууль батлахыг хориглох хууль батлаж болохгүй гэсэн заалт Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөний тухай хуульд бий. Тиймээс энэ саналыг татаж авах нь зөв” хэмээв. Түүнчлэн гүтгэх гэдгийг хардах, үзэл бодлоо илэрхийлэх зэргээс хэрхэн ялгахыг Зөрчлийн хуульд нарийн тодорхойлж өгөх хэрэгтэй гэсэн санал хэллээ.
 
Мөн үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, “Хууль зүйн байнгын хороогоор бусдыг гүтгэсэн тохиолдолд 10-100 сая төгрөгөөр торгох санал гаргасан. Үүнийг иргэд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эсэргүүцсэн. Тиймээс би өөрийн саналаа татаж авч байна. Гэхдээ би зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү чиглэж энэхүү заалтыг оруулаагүй. Нийгэмд бусдыг гүтгэсэн тохиолдол их байгаа тул үүнийг таслан зогсоох үүднээс ийм санал гаргасан юм. Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэд халдсан тохиолдолд хариуцлага тооцох заалтууд Эрүүгийн хуульд бий” гэв.
 
ХЗДХ-ийн сайд, “1995 оноос 2017 он хүртэлх хугацаанд бусдыг гүтгэсэн, нэр хүндэд нь халдсан 1400 орчим хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 50 хувь нь сэтгүүлчидтэй холбоотой. Үлдсэн 50 хувь нь аж ахуйн нэгж, иргэд нэг нэгнээ гүтгэн доромжилсон тохиолдол байгаа юм. Тиймээс гүтгэх гэдэг зөвхөн хэвлэл мэдээлэлтэй холбоотой заалт биш” хэмээв.
 
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж : Мрнцамэ агентлаг