sonin.mn
МЕХИКО./TASS/. Венесуэль улс Америкийн улсуудын байгууллагын бүрэлдэхүүнээс гарах болсны учир нь тус улс энэ байгууллагын хэм хэмжээ зөрчигдөж байгаатай эвлэрч чадахгүйтэй холбоотой. Энэ тухай лхагва гарагт Венесуэлийн Гадаад хэргийн сайд Дельси Родригес твиттер хуудсандаа мэдэгджээ.
 
“Байгууллагын дүрмийг зөрчих нь ердийн зүйл боллоо. Венесуэль улс Америкийн улсуудын байгууллагаас гарч байгаа, яагаад гэвэл бид улсынхаа нэр төрийг бодох ёстой” хэмээн Д.Родригес бичсэн байна. Венесуэлийн хувьд Америкийн улсуудын байгуулагаас гарах үйл явц хоёр жил үргэлжилж магадгүй аж.
 
Хэрвээ бүс нутгийн энэ байгууллага Венесуэлийн зөвшөөрөлгүйгээр тус улсын нөхцөл байдлын талаар Гадаад хэргийн сайд нарын түвшинд хуралдаан хийх аваас Венесуэль улс Америкийн улсуудын байгууллагаас гарна гэж сайд анхааруулж байсан юм. 
 
Үүний сацуу Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро тус улсыг Америкийн улсуудын байгууллагаас гаргах үйл явцыг нэн даруй эхлүүлэхийг тушаажээ. Энэ тухайгаа тэрбээр лхагва гарагийн орой твиттер хуудсаараа мэдээлсэн байна.
 
“Хуулийг тун балмадаар зөрчиж, дураараа авирлаж байна, Венесуэль бол чөлөөлөгчдийн өлгий нутаг, тийм болохоор манай улсыг хүндлэхийг шаардах болно. Би төрийн тэргүүний хувьд, Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхээ ашиглан Венесуэлийг Америкийн улсуудын байгууллагаас нэн даруй гаргахыг тушаасан ” гэж Ерөнхийлөгч бичжээ.
 
1948 онд байгуулагдсан Америкийн улсуудын байгуулагын бүрэлдэхүүнд Хойд, Өмнөд, Төв Америкийн 35 орон багтдаг аж.  Төв байр нь Вашингтонд байдаг тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргаар Луис Альмагро ажилладаг.
 
О.Барс 
Эх сурвалж : Монцамэ агентлаг