sonin.mn
ПАРИС./TASS/. “Урагшаа” хөдөлгөөнийг үндэслэгч Эммануэль Макрон үг хэлэхдээ “Үндэсний фронт” намын тэргүүн Марин Ле Пений улс төрийн мөрийн хөтөлбөр нь “харанхуй ангал руу хөтөлж байна” гэлээ.
Ийм мэдэгдлийг тэрбээр лхагва гарагийн орой Францын зүүн хойд нутагт зочлон үг хэлэхдээ хийжээ.
 
Э.Макрон сонгогчдод хандан 5 дугаар сарын 7-нд “илүү сайн сайхан ирээдүйн төлөө” саналаа өгөхийг уриалсан байна.
 
Энэ цуглааныг шууд дамжуулсан BFM TV телевиз дүгнэхдээ "сонгогчидтой хийсэн энэхүү уулзалт нь Ле Пений улс төрийн үзэл баримтлал руу хийсэн жинхэнэ дайралт боллоо" гэж онцолжээ.
 
“Сонгогч та бүхэн 11 өдрийн дараа сонголтоо хийх ёстой. Тиймээс Ле Пений санал болгож буй бодлого “ангал руу хөтөлнө” гэдгийг ойлгосны үндсэн дээр та бүхэн ямар нэгэн эргэлзээгүйгээр сонголтоо хийх хэрэгтэй” хэмээн Э.Макрон уриалсан байна.
 
“Европын Холбооноос гарна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ бол дайн самуун дэгдэж, үндсэрхэг үзэл гаарна гэсэн үг. “Үндэсний фронт” бол эх орончдын нам биш ээ” гэж Э.Макрон мэдэгдээд “би тэмцлээ эцсээ хүртэл үргэлжлүүлэх болно” хэмээн батлан хэлжээ.
 
Аррас хотод болох цуглааныг сонгуулийн эхний шат болохоос өмнө хийхээр төлөвлөж байсан боловч Парисын төвд цагдаа нар руу халдсан хэрэг гарсантай холбоотойгоор сонгогчидтой хийх уг уулзалтыг хойшлуулжээ. Ле Пен ч мөн адил сонгуулийн өмнө уулзалт цуглаан хийхгүй байх шийдвэр гаргасан аж.. Сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт 5 дугаар сарын 7-нд болно.
 
О.Барс 
Эх сурвалж : Монцамэ агентлаг