sonin.mn
АНКАРА. /ВВС/. АНУ-д амьдарч байгаа лалын шашны номлогч Фетулла Гуллентэй холбоотой гэх үндэслэлээр 9000 гаруй цагдааг  Туркийн эрх баригчид ажлаас нь халжээ.
 
Туркийн албаны хүмүүс үүнийг тайлбарлахдаа “үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үүднээс тэднийг ажлаас нь чөлөөлсөн” гэв.
 
Өнгөрсөн оны долдугаар сард болсон төрийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан гэж номлогч Ф.Гулленыг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган буруутгаж байгаа юм.
 
Ф.Гулленыг дэмжигчдийн эсрэг хамгийн сүүлд явуулсан ажиллагааны үеэр 1000 гаруй хүнийг баривчилжээ.
 
Энэ нь сүүлийн хэдэн сарын хугацаанд Турк даяар явуулсан хамгийн том “цэвэрлэгээ”-нүүдийн нэг аж.
 
Тус улсын Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу лхагва гарагт мэдэгдэхдээ “Ф.Гуллений сүлжээнийхэн манай улсын хууль сахиулах байгууллагуудад шургалсан байна” гэв.
 
Өнгөрсөн оны долдугаар сарын 15-нд болсон төрийн эргэлт хийх оролдлогоос хойш Туркэд 40 мянган хүн баривчлагдаж, 120 мянган хүн ажлаасаа халагджээ.
 
Р.Т.Эрдоган өөрийн эрх мэдлээ өргөжүүлэхийн тулд бүх нийтийн санал асуулга явуулан ялалт байгуулснаас ердөө долоо хоногийн дараа  “цэвэрлэх ажиллагаа”-г явуулжээ.
 
 
Үндсэн хуульд ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөжүүлэх тухай өөрчлөлт оруулахаар болсныг сөрөг хүчнийхэн “туркчуудыг хувааж, хагаралдуулсан хэрэг. Авторитар буюу нэг ба нэг хэсэг хүмүүс захиран дарангуйлах улс төрийн дэглэм Туркэд бий болж байна” гэж шүүмжилж байна.
 
Дөрөвдүгээр сарын 16-нд бүх нийтийн санал асуулга явуулснаас хоёр хоногийн дараа Туркийн парламент есөн сарын өмнө зарласан онц байдлын хугацааг дахин гурван сараар сунгасан юм.
 
Р.Т.Эрдоган өөрийн хүсч байсан зорилгодоо хүрч бүх нийтийн санал асуулгад ялсан учир одоо “хэлмэгдүүлэх ажиллагаагаа” улам хурдасгаж болзошгүй гэж сөрөг хүчнийхэн болгоомжилж байна.
 
Санал асуулга будлиантай болсон гэж тус улсын сөрөг хүчнийхэн болон ажиглагчид үзэж байгаа боловч Р.Т.Эрдоган “энэ бол санал асуулгын эцсийн дүн” гэж мэдэгдсэн юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж : Монцамэ агентлаг