sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн  төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Хууль хүчний байгууллагуудын ажиллагсадын нийгмийн хамгааллын асуудал нь янз бүр байдаг. Үүнийг хэрхэн шийдэх гэж байна вэ” гэсэн асуултыг тавьсан. Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, “Нийгмийн хамгааллын асуудал дээр ялгаатай туссан тал бий. Цаашид хууль хяналтын байгууллагын ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг ижил түвшинд аваачна” хэмээн хариуллаа.
 
УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Электрон гав хэрэглэнэ гэж байгаа. Төсөвт өртөг нь хэд байх юм бол. Мөн зорчих эрхийг хязгаарлана гэж байна. Улаанбаатарт хэрэгжүүлж болох ч орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх юм бэ” гэхэд ажлын хэсгийн зүгээс "Зорчих эрхийг хязгаарлах заалт хуульд туссан. Хөрөнгө оруулалт дээр 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Энэхүү хөрөнгө оруулалтын зардлыг гадны санхүүжилтээр шийдвэрлэнэ" гэсэн тайлбар хийсэн юм.
 
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, “Шүүхийн шийдвэр 50 хувийн гүйцэтгэлтэй байдаг юм байна. Хууль батлагдсанаар шийдвэр гүйцэтгэлд ахиц гарах уу. Шийдвэр гүйцэтгэгч нар тодорхой урамшуулал авдаг. Өмнөх хуулиар гүйцэтгэл сайжирна хэмээн үзэж энэ заалтыг оруулсан ч байдал дээрдээгүй. Одоогийн хуулинд тус урамшууллын асуудал хэрхэн туссан бэ” гэхэд ажлын хэсгээс "Шинэ хуулинд гурван зарчим барьж буй. Нэгдүгээрт шүүхийн шийдвэр заавал биелэдэг байх ёстой. Хоёрдугаарт төлбөр төлөгч болон төлбөр авагчийн эрхийг тэгш хангана. Гуравдугаарт шүүхийн шийдвэрийг хурдан гүйцэтгэдэг болох юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар өнөөгийн хуулиар урамшуулал авдаг. Гэтэл том үнийн дүнтэй шийдвэрийг гүйцэтгэдэг. Бага үнийн дүнтэйг нь хөөцөлддөггүй тал багаад байна. Иймээс хуулинд шийдвэр гүйцэтгэгч нарын урамшууллын асуудлыг хасч тусгасан” гэлээ.
 
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, “Ойрын жилүүдэд зардал нэмэх бололцоо улс орны хэмжээнд огт байхгүй. Иймээс хорих байгууллагууд дэргэдээ аж ахуй нэгж байгуулаад өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болох хэрэгтэй. Түүнийхээ үр шимээр хоригдлууд нь цалинждаг, хорих байгууллага нь санхүүгээ шийддэг байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгаагүй байна шүү” хэмээн анхааруулсан.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, тайлбар авсаны дараа санал хураалт явуулахад олонх хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжлээ.
 
Б.Туул
Эх сурвалж : Монцамэ агентлаг