sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.
 
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн хуралдаанд нийт 7 асуудал хэлэлцэнэ хэмээн танилцуулав. Үүний дараа хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат дараах саналтай байгаа хэлсэн. Тэрбээр, "Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллаас хасах саналтай байна. Хуулийн төслийн үндсэн концевци өөрчлөгдсөн тул зайлшгүй эргэж харах хэрэгтэй. Энэ хуулийн төсөл найруулгын хувьд 50 хувь нь өөрчлөгдсөн. Мөн гүтгэх, хулгай, баривчилгаа зэрэг хүний эрхтэй холбоотой, дарангуйллын шинжтэй заалтууд орсон. Тиймээс Засгийн газар хуулийн төслийг татах хэрэгтэй. Эсвэл АН-ын бүлэг завсарлагааны хугацаагаа 3 хоногоор сунгах хүсэлттэй байна" гэв.
 
УИХ-ын гишүүн Л.Болд, "Монгол Улс хүний эрхийн асуудал дээр ноцтой ухралт хийх гэж байна. Мөн би орон нутгийн сонгуулийн үр дүнгээр асуулга хийж өгөөч гэсэн хүсэлтээ хэлсэн ч өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байна. Түүнчлэн байнгын ажиллагаатай парламентын хувьд долоо хоног бүр нийгэмд анхаарал татаж буй асуудлаар асуулга сонсож баймаар байна. Өнөөдөр АН ялалт байгуулсан газруудад томилгоо хийхгүй, хууль хяналтын байгууллага удаашралтай ажиллаж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Зөрчлийн тухай хууль УИХ-ын гишүүнд үйлчлэх гэж бодож байх шиг байна. Бид 2020 он гэхэд иргэн болно. Иймд асуудлыг бодитойгоор харах хэрэгтэй шүү. Эрүүгийн хянан шийдвэрлэх хуулиа эргэж харах хэрэгтэй” гэлээ.
 
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, “Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг ирэх 7 хоногоос ярих хэрэгтэй байна. Хөгжлийн банкны асуудлыг мөн ярья. Олон зээл эргэн төлөгдөхгүй хэмжээнд хүрсэн. Монголбанкны өмнөх захирлын асуудлыг ингээд орхих уу. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны салбарт илэрсэн нас барсан хүний нэр дээр мөнгө авч байсан асуудлыг яагаад ярихгүй байна вэ. Дэг журам дээрээсээ эхэлнэ. Бид хуулиа мөрдөхгүй юм бол Засгийн газрыг, яамдыг хуулиа барь гэж яаж хэлэх юм бэ. Эдгээр асуудлыг ирэх 7 хоногоос хэлэлцэхгүй бол улстөрийн акц үзүүлнэ” гэсэн юм.
 
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд,  “АН-ын бүлэг эл асуудлаар өмнө нь тав хоногийн завсарлага авсан. Үүний дараа үргэлжлүүлэн гурав хоног завсарлага авах эрхтэй. Гэтэл хуулиа үргэлжүүлэн хэлэлцсэн тул Зөрчлийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах нэг гарц бий” гэсэн тайлбар хийсэн. Ингээд Зөрчлийн тухайн хуулийг хойшлуулах эсэх тухай асуудлаар санал хураалт явуулахад олонх “Цааш хэлэлцэх нь зүйтэй” гэж үзлээ. Мөн Л.Болд гишүүний орон нутгийн сонгуулийн дүнгийн талаарх мэдээллийг маргааш сонсохоор тогтов. Үүний зэрэгцээ Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор эхэлж ярих нь зүйтэй юм хэмээн үзлээ.
 
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
 
Б.Туул
Эх сурвалж : Монцамэ агентлаг