sonin.mn
СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгосын тал Умард Солонгосын их буу, пуужингийн довтолгооноос хамгаалах зорилгоор илүү боловсронгуй шинэ төрлийн радарыг зохион бүтээх ажлаа дуусгажээ. Өмнөд Солонгосын Зэвсэглэл худалдан авах газрын /DAPA/ мэдээлснээр, уг радарыг 2018 оноос зэвсэгт хүчинд нийлүүлж эхлэх боломжтой.
 
“Сүүлийн үед хийсэн туршилтуудаар энэ систем нь үр дүнтэй гэдэг нь практик дээр батлагдсан” гэж DAPA мэдэгджээ.
 
Зөөврийн радар зохион бүтээх ажил зургаан жилийн турш үргэлжилж, уг ажилд 50 сая доллар зарцуулсан байна. Уг системийг эхэн үедээ Швейцариас худалдан авдаг “ARTHUR-K” радартай хослуулан ашиглах ба яваандаа уг радарыг бүрэн орлох юм. Европын ижил төстэй радартай харьцуулахад Өмнөд Солонгосын энэ радар нь дайсны их бууны байрлалыг хавьгүй хол зайнаас /60 км/ тодорхойлох чадвартай төдийгүй 8 цагийн турш тасралтгүй ажилладаг нь ижил төрлийн радарынхаас 2 цагаар илүү байгаа юм.
 
Сөүлээс хойд зүгт 60км-ийн зайд байдаг цэрэггүй бүсийн зааглах шугамын орчимд Умард Солонгосын алсын тусгалтай их буу, пуужингийн томоохон хүч төвлөрөөд байгаа юм. Дайн дэгдсэн тохиолдолд энэ их цэргийн хүч нь 20 сая хүн амтай Өмнөд Солонгосын нийслэл болон түүний хаяа хотуудад асар хүчтэй цохилт өгч чадна. Цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь асар том сүйрэлд хүргэж, амиа алдсан хүмүүсийн тоо хэдэн арван мянгаар тогтохгүй хэдэн зуун мянгаар тоологдож магадгүй ажээ.
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг