sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. Даваа гарагт Ерөнхийлөгч Дональд Трамп, түүний охин Иванка, НАСА-гийн сансрын нисгэгч Кейт Рүүбинс нар Цагаан ордны Зууван танхимаас НАСА-гийн сансрын нисгэгч Пегги Уитсонд Олон улсын сансрын станцад /ОУСС/ хамгийн удаан хугацаагаар ажилласан явдалд нь баяр хүргэж утсаар ярих гэж байна.
 
НАСА-гийн мэдээлснээр, П.Уитсон өнөөдөр АНУ-ын түүхэнд сансарт хамгийн олон хоног ажилласан сансрын нисгэгчээр тодорч, Жефф Уильямсын тогтоосон /534 хоног/ амжилтыг эвдэх юм.
 
П.Уитсон сансрын тойрог замд 2016 оны 11 дүгээр сарын 19-нд гарсан бөгөөд 9 дүгээр сард эх дэлхийдээ буцаж ирнэ. Тэрбээр сансрын станцыг удирдаж буй анхны эмэгтэй хүн юм. Энэ удаагийн нислэг нь түүний хувьд 2 дахь удаагийнх бөгөөд анх 2008 оны 4 дүгээр сард сансрын станцад баг удирдан ажиллаж байжээ.
 
П.Уитсон 3 дугаар сард задгай сансарт 8 дахь удаагаа гарсан бөгөөд энэ нь эмэгтэй сансрын нисгэгчдийн хувьд дээд амжилт юм.
 
Ерөнхийлөгч Д.Трампын П.Уитсонтой хийх 20 минутын яриаг АНУ-ын зүүн бүсийн цагаар өглөөний 10:00 цагт НАСА-гийн телевиз болон тус агентлагийн фейсбүүк хуудсаар шууд дамжуулан үзүүлнэ.
 
Х.Сарнай 
Эх сурвалж : Монцамэ агентлаг