sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2017 онд 458 мянган га талбайд тариалт хийхээр төлөвлөснийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун мэдээлэв.
 
Тухайлбал 362.1 мянган га-д улаанбуудай, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн ургамал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс, жимсгэнэ тариалах юм. Хаврын тариалалтад 54 мянган улаан буудайн үр шаардлагатай аж. Тариаланчид 39.8 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-д 4.6 мянган тонн, Улсын нөөцийн газарт 5.8 мянган тонн  үрийн нөөцтэй байгаа юм. Тиймээс энэ жилийн үр хангалттай байгааг мэдээлэлдээ онцолсон юм.
 
Тэрбээр, “Энэ онд нийт 477.6 мянган тонн улаан буудай, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилт тавьж байгаа.
 
Одоогоор тариалалт эхлүүлэх техникийн бэлэн байдлыг хангах ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Мөн гадаадын зээл тусламжаар тоног, төхөөрөмж оруулж ирэхээр ажиллаж байгаа. Тухайлбал, ОХУ-аас 10 сая ам.доллар, БНХАУ-аас 24.5 сая ам.долларын зээлээр тоног төхөөрөмж авахаар холбогдох гэрээ хэлэлцээрийг хийж байна” гэлээ.
 
Хаврын тариалалт эхлэх дөхөж буйтай холбогдуулан ТЭДС-д 1365 гаруй иргэн, аж ахуйн нэгж дэмжлэг авах хүсэлт ирүүлжээ. ТЭДС энэ онд тариаланчдад шатахуун, бордоо, үр ариутгал, ургамал хамгааллын бодис болон техникийн дэмжлэг үзүүлэх аж. Дэмжлэгүүдийг Хөтөл, Сэлэнгэ, Дархан, Хархорин, Угтаал зэрэг салбаруудаар олгохоор тариаланчдийн хүсэлтийг судалж байгаа хэмээн ТЭДС-ийн захирал В.Үнэнбат онцлов.
 
Тэрбээр, “Тариаланчид шатахууныхаа 50 хувийн урьдчилгааг төлөөд авч болно. Үлдсэнийг намрын ургацаасаа төлөх юм. Харин бордоо, ургамал хамгаалал, үр ариутгалын урьдчилгаа 30 хувь байх бол үрийн будаа 40 хувийн урьдчилгаатай байх юм” хэмээв.
 
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авав.
 
-Дотоодын улаанбуудайн хэрэгцээг бүрэн хангаж чадах уу?
 
-Сүүлийн жилүүдэд улаанбуудайн хэрэгцээг бүрэн хангаж ирсэн. Энэ жил ч ургацаа төлөвлөсөн хэмжээндээ авч чадвал дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана. Мөн төмсний хэрэгцээгээ ч 100 хувь хангах боломж бий. Харин дотоодын хэрэгцээний хүнсний ногооны 45-50 хувийг хангадаг. 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Атрын III аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж тусгагдсан. Аяны хүрээнд дотоодын хүнсний ногооны хэрэгцээг гурван жилийн дотор 100 хувь хангах зорилт тавьж байгаа.
 
2004-2011 оны хооронд Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол төмс” хөтөлбөр хэрэгжүүлж, дотоодын төмсний хэрэгцээг бүрэн хангадаг болсон. Тиймээс уг хөтөлбөрийн жишгээр Монгол Улсад хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх хүсэлтийг Швейцарийн хөгжлийн агентлагт хүргүүлсэн. Үүний дагуу “Монгол ногоо” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Харин ХХААХҮЯ-ны зүгээс аж ахуйн нэгжүүдийн оруулж ирж буй хүнсний ногооны үр, тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлж байгаа.
 
-Улаанбуудайн тонн тутамд олгох урамшуулал хэдэн төгрөг байх вэ?
 
-Буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор улаанбуудай тариалдаг иргэн, аж ахуйн нэгжээс дотоодын гурилын үйлдвэр болон ТЭДС болон Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг чанараас хамааран 50-55 мянган төгрөг байхаар Засгийн газар шийдвэрлэсэн.
 
 
-2016 оны зээлийн эргэн төлөлт ямар байна вэ?
 
-2016 онд зээл авсан бүх аж ахуйн нэгж төлбөрөө бүрэн төлж дууссан.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж : Монцамэ агентлаг