sonin.mn
СӨҮЛ./TASS/. БНАСАУ ээлжит удаагаа цөмийн туршилт хийхийн тулд бэлтгэл ажлаа дахин идэвхжүүлж эхэллээ. “Тона ильбо” сонинд бичсэнийг үзвэл, Вашингтон дахь Жонс Хопкинсын их сургуулийн дэргэдэх Олон улсын судалгааны сургуулийн Америк-Солонгосын хүрээлэнгээс гаргасан мэдээлэл үүнийг баталж байна. 
 
Хамгён-Пукто мужийн Пунге-ри суурингийн ойролцоо орших Умард Солонгосын цөмийн туршилтын талбайд цөмийн туршилт хийх бэлтгэл ажил идэвхжиж байгаа шинж тэмдгүүд ажиглагджээ.
 
Шинжээчид хиймэл дагуулын гэрэл зургуудад дүн шинжилгээ хийж үзээд "Пхеньянаас тушаал ирэнгүүт хэзээ ч хийхэд бэлэн байна" гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. 
 
“Тона ильбо” сонинд мэдээлснээр, цөмийн ээлжит туршилтыг 4 дүгээр сарын 25 эсвэл 5 дугаар сарын 9-ний өдөр хийх бололтой байна. Учир нь, 4 дүгээр сарын 25-нд Пхеньянд Солонгосын Ардын арми үүсэн байгуулагдсаны ойг тэмдэглэх бол 5 дугаар сарын 9-нд Өмнөд Солонгост Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болох юм. 
 
О.Барс
Эх сурвалж :Монцамэ агентлаг