sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд С.Баяр Монгол Улсаас Далайн Олон Улсын Байгууллага (ДОУБ)-д суух Байнгын төлөөлөгчийн хувиар тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Китак Лимд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр итгэмжлэх захидлаа гардуулж, Монгол Улс – ДОУБ-ын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
 
Энэ үеэр Элчин сайд С.Баяр далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд Монгол Улсын эдийн засгийн хөгжилд далайн тээврийн гүйцэтгэх үүргийг онцолж, усан замын тээврийн салбарт Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, эл салбарт гарсан ололт, цаашид ДОУБ-тай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулж, энэ салбар дахь дотоодын хууль тогтоомж, стандартуудыг олон улсын жишигт нийцүүлэхэд тус байгууллагын техникийн туслалцаа шаардлагатай байгааг онцоллоо.
 
ДОУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Китак Лим Монгол Улсаас ДОУБ-ын дэргэд суух анхны Байнгын төлөөлөгчөөр томилогдон ажиллах болсон Элчин сайд С.Баярт баяр хүргэж Монгол Улс – ДОУБ-ын хамтын ажиллагааг хөгжүүлэх, далайн тээврийн салбарыг хөгжүүлэхэд нь Монгол Улсад техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх талаар бололцоотой бүхий л арга хэмжээ авахаа илэрхийллээ.
 
Эх сурвалж : Монцамэ агентлаг