sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон тус бүлгийн гишүүд өнөөдөр 12.00 цагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзлаа.
 
АН-ын бүлэг энэхүү уулзалтын өмнө өнгөрсөн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, зарим аймаг, дүүрэг болон сумдын Засаг даргыг яаралтай томилохыг шаардсан шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Энэхүү шаардлагын хариуг сонсохоор тэд Ерөнхий сайдтай уулзсан бөгөөд уулзалтын дараа сэтгүүлчдэд хандаж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ийн мэдээлэв.
 
Тэрбээр, “Бидний тавьсан гол шаардлага бол Сүхбаатар аймгийн ИТХ-ын үр дүнг хүлээн зөвшөөрч Засаг даргыг томилох, хоёрдугаарт Баянзүрх дүүрэгт ялалт байгуулсан үр дүнг хүлээн зөвшөөрөх, гуравдугаарт орон нутгийн сонгуулиар 12 суманд ялсан сумын Засаг дарга нарыг хуулийн дагуу томилох тухай асуудал юм. Ерөнхий сайд улс төрийн ажил, Засгийн газрын ажил тусдаа шүү гэж өөрөө хэлсэн. Сонгуулийн үр дүнгийн дараа засгийн ажил улс төрөөс ангид үргэлжлэх ёстой. Иймд энэ томилгоогоо яаралтай хийхийг шаардаж байгаа юм. 
 
Энэ уулзалтаар бид ахицтай байлаа гэж ойлгож байна. Ирэх долоо хоногт томилгоотой холбоотой санал зөрөлдсөн асуудлаар ажлын хэсэг байгуулж, нэг тийш нь болгоё гэдэг дээр санал нэгдлээ. Цөөн үлдсэн сумдын маргаантай асуудлыг шийдвэрлэж, засгийн ажлыг тасралтгүй үйл ажиллагаагаар хангая гэдэг дээр санал солилцож, ойлголцсон гэж хүлээж авч байна. Хэрэв энэ асуудал ирэх долоо хоногт шийдэгдэхгүй бол УИХ-ын чуулганы хуралдаанд асуулга болгон тавина. Хэрэв орон нутгийн намын гишүүдийн болон иргэдийн бухимдлыг үл хүндэтгэвэл тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ.
 
Ер нь цаашдаа ардчилсан Монгол орон иргэдийн сонголтыг хүндэтгэх ёстой" гэв.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж : Монцамэ агентлаг