sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2017 он гарсаар эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч байна хэмээн Монголбанкнаас онцолж байна.
 
Улмаар гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсын нөхцөл байдлыг эерэгээр харж байна хэмээн Монголбанкны  Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэллээ.
 
Дэлхийн зах зээлд экспортын гол нэрийн бараа болох нүүрс, алтны экспортын үнэ нэмэгдэж гадаад худалдаа 2017 оны эхний гурван сард 524 сая ам.долларын ашигтай гарсан. Тодруулбал нүүрсний экспортын орлого 5.4 дахин өсч, банкны чанаргүй зээлийн хэмжээ буурсан зэрэг үзүүлэлт Монголын эдийн засаг хоёр орчим хувиар өсөхөд нөлөөлсөн хэмээн Төвбанкны мэргэжилтнүүд тодотголоо.
 
"Монгол Улс ОУВС-тай хөтөлбөрийн хэлэлцээр амжилттай өрнөж шат дараатай арга хэмжээг авсан нь гадны хөрөнгө оруулагчдад эерэг дохио өглөө. Тодруулбал, зээлжих зэрэглэлийн агентлагууд Монголын эдийн засгийн төлөв байдлын талаарх дүн шинжилгээгээ өөрчилж байна. Улмаар Хөрөнгө оруулалтын банкууд Засгийн газраас гаргаж буй бондыг худалдан авах сонирхол нэмэгдэж байгаа. Түүнчлэн Монгол Улс өнгөрөгч гуравдугаар сард эргэн төлөх байсан Хөгжлийн банкны 580 сая ам.долларын эргэн төлөлтийн дарамтаас гарлаа. Энэ онд хийх Оюутолгойн 800 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна" хэмээн Монголбанкны  Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа онцлов.
 
 Б.Заяа
Эх сурвалж : Монцамэ агентлаг