sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилго бүхий “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын хурал Шангри-Ла зочид буудалд хоёр дахь өдрөө үлгэлжилж байна.
 
Тус хурал өнөөдөр Хөрөнгө оруулалт салбар хуралдаанаар үргэлжиллээ. Салбар хуралдаанд Үндэсний хөгжлийн газар (ҮХГ)-ын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Дашдэмбэрэл Монгол Улсын хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчны талаар мэдээлэл өглөө.
 
Монгол Улс 2016 онд хөрөнгө оруулалтын хууль, эрхзүйн орчиндоо НҮБ болоод Дэлхийн худалдааны байгууллагаар үнэлгээ хийлгэсэн бөгөөд “хангалттай сайн” гэсэн үэнлгээ авсан байна. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрүүд, “Улс болон гадаад улсын иргэн хоорондын хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх тухай” Вашингтоны конвенц, “Хөрөнгө оруулалтын даатгалын тухай” Сөүлийн конвенцид нэгджээ. Түүнчлэн 44 улстай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих хэлэлцээр, Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар хууль, эрхзүйн орчин харьцангуй тогтворжиж буйн илрэл гэдгийг Н.Дашдэмбэрэл мэдээллийнхээ эхэнд онцлов.
 
Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжиж, хамгаалах бодлого хэрэгжүүлж байгаа аж. Татварын дэмжлэгт хэд хэдэн төрлийн хөнгөлөлт багтдаг байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын хэмжээ 500 тэрбум төгрөгөөс дээш бол Засгийн газартай гэрээ байгуулах боломж бүрдэх аж. Ингэснээр татварын хувь хэмжээ болон үйл ажиллагаа явуулах орчныг төсөл хэрэгжих хугацаанд тогтвортой байлгах юм. Мөн татварын тогтворжуулах гэрчилгээ олгодог байна. Уг гэрчилгээгээр АМНАТ, Гааль болон НӨАТ-ын хувь хэмжээг 5-18 жил тогтовортой байлгах юм. Мөн Эдийн засгийн чөлөөт бүст хөрөнгө оруулсан тохиолдолд 5 жилийн хугацаанд үл хөдлөхийн татвараас чөлөөлөх, жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хөнгөлөлт эдэлдэг байна.
 
Харин татварын бус дэмжлэгт инновацийн төслийг санхүүжүүлэх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Засгийн газраас батлан даалт өгдөг байна. Мөн газрыг нэг удаа 60 хүртэлх жилээр ашиглах эрх болон Монгол Улсад зорчих олон удаагийн виз, байнгын оршин суух зөвшөөрөл олгодог аж. Түүнчлэн гадаадаас ажиллах хүч авах тоо хэмжээг нэмэх зөвшөөрөл өгдөг гэдгийг онцоллоо.
 
Тэрбээр, “Хөрөнгө оруулалт татахад тэргүүлэх ач холбогдолтой салбаруудаар дэд бүтэц, хөдөө аж ахуй, хөнгөн болон хүнд үйлдвэрлэл, аялал жуулчлал, уул уурхай хэмээн тодорхойлсон. Эдгээр салбаруудад хөрөнгө оруулалт татах урт болон дунд хугацааны хөтөлбөр боловсруулахаар ҮХГ ажиллаж байна. Засгийн газрын дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэлийг хамгаалах, тэдний эрхийг зөрчсөн асуудлыг хууль, эрхзүйн орчинд шуурхай шийдвэрлэх боломж бүрдэж байгаа.
 
 
Монгол Улс ОУВС-гаас авах тусламжийнхаа дийлэнх хэсгийг төсвийн алдагдлаа нөхөхөд зарцуулахаар төлөвлөсөн. ОУВС Засгийн газрын төсвийн зардлыг хасаагүй. Үүнтэй холбоотойгоор төсвийн орлогоо нэмэх зорилгоор татвар нэмэх шийдвэр гаргасан юм. Үүний хажуугаар гадаадын шууд хөрөнгө оруулалт татахад анхаарах хэрэгтэй гэдгийг ХХБ-ны ТУЗ-ын Гүйцэтгэх дэд дарга Рандолф Коппа хэллээ.
 
Монгол Улсын ДНБ-ний өсөлтөд гадаадын хөрөнгө оруулалт шууд нөлөөлдөг байна. Өнгөрсөн хугацаанд Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын нэгдүгээр шат дууссан, экспортын голлох түүхий эдийн үнэ  унасан зэрэгтэй холбоотойгоор Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн гурван жилийн хугацаанд харьцангуй сул байсан юм. ОУВС-тай хамтран ажиллах болсон, Оюутолгой төслийн хоёрдугаар шат эхэлсэн, түүхий эдийн үнэ өсч байгаа зэргээс шалтгаалан 2017 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2.5 хувь байна гэсэн төсөөллийг Азийн хөгжлийн банк (АХБ) дэвшүүлсэн. Энэ бол харьцангуй өөдрөг төсөөлөл гэдгийг тэрбээр илтгэлдээ дурьдсан юм хэмээв.
 
“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” Ерөнхий зориулалтын нисэхийн салбар хуралдаанаар үргэлжилж байна.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж :  Монцамэ агентлаг