sonin.mn
ТЕГЕРАН. /VOA/. Улс төрийн хатуу чиг шугам баримталдаг Ираны ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежад ирэх сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулжээ.
 
Нэр дэвшигчдийг бүртгэдэг Ираны Хууль сахиулах зөвлөл одоогийн ерөнхийлөгч Хассан Руханиг сонгуульд оролцох болсныг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт мэдэгдсэн юм. Тэрбээр аядуу бодлого баримталдаг бөгөөд түүний өрсөлдөгчид болох Их удирдагч аятолла Али Хаманей-гийн ойрын хүн гэгддэг Эбрахим Раси, Тегеран хотын дарга Мохаммад Багар Калибаф нар хатуу чиг бодлогыг баримталдаг.
 
Хэдийгээр Хаманей сонгуульд оролцохгүй байхыг зөвлөсөн боловч М.Ахмадинежад өнгөрсөн долоо хоногт сонгуульд өрсөлдөх болсноо зарласан нь гэнэтийн явдал байлаа. Тэрбээр Ираны ерөнхийлөгч нарын дотроос хатуу бодлого баримталж байснаараа ялгардаг бөгөөд түүний 2013 он хүртэл төр барьсан хугацаанд иранчууд дотроо хагаралдаж, гадаад ертөнцөөс тусгаарлагдаад байсан билээ.
 
Израиль руу дайрч давшилсан, Холокостын талаар хэлсэн үг, Ираны цөмийн хөтөлбөрийг өргөжүүлэхийн төлөө байсан зэргээр нь Ахмадинежадыг дэлхий дахин мэдэх билээ. Тэрбээр дэд ерөнхийлөгч асан Хамид Багхайг дэмжиж байсан боловч Хамид мөн адил сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулжээ.       
 
Ираны Ерөнхийлөгч нь хамгийн нөлөө бүхий шийдвэр гаргагч аятолла Хаманейд захирагддаг бөгөөд төрийн хэрэгт хамаатай эцсийн шийдвэрийг Хаманей гаргадаг байна. 
 
Х.Сарнай 
Эх сурвалж :Монцамэ агентлаг