sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа.
 
-Ардчилалд шилжсэнээс хойш 27 жил өнгөрчээ. Та ардчилсан хувьсгалын дараахан Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан. Одоо эргээд харахад засаглалын тогтолцооны хувьд ямар алдаа, оноо байна вэ?
 
-1990 оны ардчилсан хувьсгалаас хойш 27 жил өнгөрлөө. Ямар ч улс түүхээ эргээд харахад энэ хангалттай хугацаа. Бид 1990 онд хөгжил дэвшилд түрүүлэх чадваргүй болсон социалист нийгмээс чөлөөт иргэний нийгмээр замная гэсэн сонголтыг хийсэн. Энэ үед шинэ улс төрийн хүчнүүд төрж, улс орныхоо ирээдүйг дэлхий нийтийн замналаар явуулах, харах чадвартай улс төрийн зүтгэлтнүүд төрж гарсан. Өнгөрсөн 27 жилийн зам мөрийг харахад хоёр үе шат харагдаж байна. Эхнийх нь 1990 онд социалист системээс чөлөөт нийгмийн тогтолцоо руу шилжих үндэс, суурь алхмууд юм.
Тухайн үеийн МАХН одоогийн МАН бид засаг төрийг авна гээд Засгийн газрыг булааж авсан. 
Өмч хувьчлал явагдаж, чөлөөт зах зээлийн харилцаа үүссэн гээд олон асуудал бий. Үндсэндээ манай улс 2005-2006 оны үе гэхэд ардчилсан хувьсгалынхаа анхны зорилтуудыг шийдэж чадсан. Хүмүүс нь эрх чөлөөтэй, ямар нэг шашин шүтэх, эс шүтэх эрх нь нээлттэй, хувийн өмчтэй болж, аль ч дэлгүүрт барааны хомсдолгүй, эдийн засаг нь хувийн хэвшилд шилжиж, гадаад худалдаа тэнцвэржиж, төсөв алдагдалгүй болсон.
Энэ бол ардчилсан хувьсгалын анхны тавьсан зорилтод хүрсэн явдал юм. Дараа нь цаашдын зам мөрийг олох, шинэ зорилтууд тавьсан ч 2006 онд тухайн үеийн МАХН одоогийн МАН бид засаг төрийг авна гээд Засгийн газрыг булааж авсан. Тэд тухайн үеийн Монголын толгой баячуудаас бүрдсэн Засгийн газар байгуулж байсан юм. Үүнээс хойш улс орон маань олигархи засаглалтай, капиталист хөгжлийн зам руу орсон.
 
НАМЫН ДАРГА НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО ГЭЭД УИХ-ЫН ИНДЭРТ СУУЧИХААД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮҮРГИЙГ ӨӨРТӨӨ АВЧ, ГАДААД ОРНУУДАД АЙЛЧЛААД БАЙНА
 
-2005 оноос хойш олигархи засаглал 10 гаруй жил явж байна гэсэн үг үү. Засах ямар боломж байгаа бол. Гуравхан сая хүнээ ядуу амьдруулахгүй байх боломж баймаар?
 
-Одоогийн байдлыг харахад улс орон маань хэдийгээр 1990 оны хувьсгалын үзэл санаа чиг баримжаан дээр олсон ололт олон ч ерөнхий дүр зураг нь төвэгтэй. Монгол орон улс төр, эдийн засгийн мухардалд ороод байна. Эдийн засаг нь нүсэр бүтэцтэй, гадны нэг орноос бүрэн хараат, эдийн засгийн тусгаар тогтнолоо алдсан, өр зээлэнд баригдсан байдалтай байна. Нэг ёсондоо өрийн дарамтыг дааж чадахааргүй байна. Улс төрийн хувьд Үндсэн хуульд заасан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн замаар замнаж буй улс төрийн хүчин одоо алга.
Хэдийгээр улс төрийн сонгууль явагддаг ч төр наймааны хэрэгсэл болж, төрийн суудлыг улс төрийн хүчнүүд нь худалдаж оршин тогтнодог нийгмийг ардчилсан гэж хэлэхэд хэцүү болжээ. Үүнийхээ горыг бид одоо амсч байна. Сүүлийн жилүүдэд явагдсан сонгуулийг харахад бүгд хуурамч амлалт дээр явж ирлээ. Бид жилийн өмнө УИХ-ын сонгууль явууллаа. Төрийн эрх мэдэл авсан МАН-ынхан Монголын эдийн засгийг чадваржуулна, мэргэжлийн Засгийн газар байгуулна гэснээсээ буцсан. Ард түмэндээ дарамтгүйгээр өр зээлийн асуудал шийднэ гэсэн юу болов. Эдийн засгийн жилийн долоон хувийн өсөлтийг бий болгож, татвар нэмэхгүй гэсэн эсрэгээрээ явж байна. Энэ нь улс төрийн намууд тамирдаж байгаагийн шинж.
 
-Нэг ёсондоо улс төрийн намууд тамирдсан үед бид дараагийн Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ач холбогдлын тухайд та юу хэлэх вэ?
 
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүст  асар өндөр шаардлага бий болоод байна. Үүнийг бид соргогоор харах хэрэгтэй. Ардчилсан хувьсгал зөв байсан. Гагцхүү Үндсэн хуульдаа хийсэн томъёоллоо буруу хийснээс өнөөгийн төрийн хямралт байдал бий болоод байна. Монголчууд сонголтондоо хариуцлагатай хандахыг цаг үе шаардаж байна. Монголын эдийн засаг арчаагүй дорой эдийн засаг биш.
Маш авсаархан мөртлөө жилийн 30-аад хувийн хуримтлалтай, 6-7 хувийн өсөлттэй эдийн засаг. Энэ эдийн засгийг баллаж байгаа төрийн бодлогыг өөрчлөх ёстой. Шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн нэн түрүүнд хийх ажил нь төрөө төвхнүүлэх, дараа нь эдийн засаг, нийгмийнхээ амьдралыг шийдэх хэрэгтэй байна. Төрөө наймааны хэрэгсэл болгосон улс төрийн тогтолцоогоо бид өөрчлөх ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж ярьж байгаа ч эрх баригчид Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, төрийн эрх мэдэл бүх ард түмний гарт байна гэх зарчмаасаа аажмаар ухрах хандлага барьж байна. Эрх баригчид олон төрлийн татвар нэмлээ. Эдийн засаг хүнд байхад татвар нэмж байгаа бол төр төсвийнхөө зардлыг хэмнэх ёстой байсан.
Аль нэг ардчилсан орны парламентны тэргүүн гадаадад айлчилж өр зээлийн асуудал ярьдаг юм уу. Үгүй шүү дээ.
Гэтэл төсвийн зардлаа 400 гаруй тэрбум төгрөгөөр нэмчихлээ. Энэ нь юу хэлж байна вэ гэхээр эрх баригчдад итгэх итгэл дахиж байж болохгүйг харуулж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч нам хүнээ “сойж” байгаа нь мэдээж. “Сойх” нь бүү хэл дотроо өөрсдөө сонгочихоод байгаа. Ард түмнийг “Та нар хэрэггүй дээ” гээд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиа өөрчлөх гэж үзсэн.
Намын дарга нь Ерөнхийлөгч болно гээд УИХ-ын индэр дээр суучихаад зүтгээд байна шүү дээ. Яагаад гэхээр Ерөнхийлөгчийн чиг үүргийг өөртөө хүлээж авчихаад гадаадын орнуудад айлчлаад байна. Ардчилсан орны парламентны тэргүүн гадаадад айлчилж өр зээлийн асуудал ярьдаг юм уу. Үгүй шүү дээ. Ийм нөхцөлд Монгол орныхоо хувь заяаг бодоход Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийг маш өндөр шалгуураар тодруулах ёстой. Шууд хэлэхэд, эдийн засаг, улс төрийн тогтолцоог зөв голдиролд оруулан аваад явах чадвартай хүнийг Ерөнхийлөгч болгомоор байна.
 
-МАН-аас нэр дэвших хүн тодорхой юм байна гэж таны ярианаас ойлголоо. Тэгэхээр Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ яаж тодруулах ёстой юм бол?
-Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхэд Ардчилсан нам боловсон хүчний нөөц ихтэй. Горилж байгаа хүмүүсийн дотор өмнө нь Ерөнхий сайд байсан нэртэй эдийн засагч, улс төрч Р.Амаржаргалын нэр дуулдаж байна.
 
Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Шадар сайдаар ажиллаж байсан Д.Дорлигжав болон Х.Баттулга, Э.Бат-Үүл нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна лээ. Гэхдээ энэ хүмүүсийн хажуугаар гадныхны гар хөл болж явдаг, улс үндэстнийхээ эрх ашгийн эсрэг ажилладаг ах, дүү нарын маань ч нэр сонсогдож байна. Хэнийг нэр дэвшүүлэхийг нам нь шийднэ. Ерөнхийд нь том зургаар нь харвал шинээр сонгогдох Ерөнхийлөгч Монгол Улсын түүхийн өмнө маш том хариуцлага хүлээсэн хүн болно. Одоогийн Монголын улс төр, эдийн засгийн тавцан дээр зөвхөн улс төрийн хоёр нам өрсөлдөж байгаа юм биш. Гадаадын компани, гар хөлүүд, их гүрний сонирхол байхыг ч үгүйсгэхгүй. Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгуульд маш сайн бэлтгэсэн хүнээ гаргаж ирэх, дэмжих хэрэгтэй.
 
Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөсөй гэж олон түмэн хүсч хүлээж байгаа хүмүүс мэр сэр байна. Тэдний нэгд Ерөнхий сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Р.Амаржаргал зүй ёсоор орно. Улс төр, эдийн засгийн хувьд маш туршлагатай, тулхтай хүн. 1990- оноос хойш хамтарч ажилласан учраас би түүнийг сайн мэднэ. Ер нь нуруутай улстөрч учраас би түүнийг дэмжиж байгаа. Иргэдийн дунд явуулсан санал асуулгаар ч түүний рейтинг өндөр байсан. Ер нь нэр цэвэр, тулхтай, туршлагатай хүнээр төрөө удирдуулж, эдийн засаг, улс төрийн тогтолцоогоо зөв голдиролд оруулах нь энэ цаг үед хамгийн чухал.
 
-Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхдөө ард түмэн мэргэн сонголт хийж, олигархи засаглалыг хазаарлах гүүр болж ажиллах улс төр, эдийн засгийн туршлагатай хүнийг сонгох хэрэгтэй гэсэн санаа та хэлээд байна аа даа?
 
-Олигархи засаглал бол нийгмийн зохион байгуулалтын асуудал. Ерөнхийлөгч болох хүн төрийн эрх ард түмний гарт байна, би ард түмнийхээ үйлчлэгч нь юм шүү гэдгийг ойлгосон хүн байх ёстой. Түүнээс төрийн толгойд гарангуутаа дураар аашилна гэх ойлголттой байж болохгүй.
Монголд авлига хээл хахууль замбараагаа алдлаа. Ийм нөхцөлд шулуун шударга, Монгол Улсынхаа төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй хүн Ерөнхийлөгч болох ёстой. Ер нь Монголын үе үеийн Засгийн газрыг аваад үзэхэд өөр өөрсдийнхөө асуудлыг шийдэж ирсэн байдаг. Гэхдээ сүүлийн үед төр засаг маань жинхэнэ улс нийгмийнхээ төлөө гэхээ илүү эрх баригчдын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаад байна. Үүнийг өөрчлөх хүн хэрэгтэй.