sonin.mn

2013 оны 9 сарын 3-нд тухайн үед Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын даргаар ажиллаж байсан О.Магнай телевизийн камерын өмнө бөхийж, ард түмнээсээ уучлал гуйж байна хэмээн мэдэгдсэн нь Монголын улс төрд шинэ содон үзэгдэл болж байлаа. Учир нь  Нийслэлийн Нийтийн тээврийн газар, таксины компаниуд, ШӨХТГ-тай зөвшилцсөний үндсэн дээр таксины үнийг нэг стандарттай болгоё гэж шийдсэн бөгөөд үүнийгээ О.Магнай  хэд хоногийн өмнө олон нийтэд мэдэгдсэн аж. Гэвч энэ шийдвэрийн дүнд таксины үнэ нэмэгдэхээр байсан тул иргэд бухимдаж эхлэв. Нийгмийн тодорхой хэсгийн эсэргүүцэлтэй тулгарсан О.Магнай уг саналыг албан ёсны шийдвэр болгохоос татгалзаж, иргэдийг бухимдуулсандаа уучлал гуйсан нь энэ байж.
Олон улсын практикт ийм соёл түгээмэл аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Афганистанд алба хааж байсан зарим цэргүүдийн бүдүүлэг үйлдлийн төлөө 2012  онд,
Фүкүшимагийн  цахилгаан станцад осол болох үед Японы Ерөнхий сайд байсан Наото Кан 2012 оны тавдугаар сарын 28-нд, Туркийн Ерөнхий сайд Режеп Тайп Эрдоган 2011 оны арваннэгдүгээр сарын 24-нд  1930-аад оны үед болсон цэргийн дайралтын үеэр 14 мянга гаруй курд амиа алдсантай холбоотойгоор, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн Засгийн газар 2013 оны гуравдугаар сарын 30-нд тус тус ард түмнээсээ уучлалт гуйж байлаа.
Өөртэй нь шууд хамаагүй ч хариуцсан салбарт нь гарсан алдаа эндэгдлийн төлөө уучлал гуйж буй энэ үйлдлийн цаана чухамдаа ёс зүй л байгаа юм.
Харин Монголд байдал эсрэгээрээ.
Хадгаламж, зээлийн хоршооны хэрэг, "МИ-8" нисдэг тэрэгний сүйрэл, "Азийн Чоно" архинд иргэд хордсон хэрэг, иргэн Д.Энхбатыг хил дамнуулан хулгайлж, шоронд амийг нь хөнөөсөн хэрэгт хэн ч уучлал гуйж байгаагүй. Тэр бүү хэл 2008 оны 7 сарын 1-нд иргэдийг Цагдаагийн Газрын Дарга нарын тушаалаар буудсаныг шүүх нотолсон ч тухайн үеийн Ерөнхий сайд байсан С.Баяр уучлал гуйгаагүй. Түүгээр ч үл барам ийм жишээ нэмэгдэж буй нь харамсалтай.

Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд энэ оны 4 сарын 11-ний өдөр сургуулилт хийж байх үед гар бөмбөг дэлбэрсний улмаас Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хоёр албан хаагч  амиа алдаж, найман албан хаагч шархадсан золгүй явдал тохиов. УИХ-ын дарга М.Энхболд чуулганы индэр дээрээс эмгэнэл илэрхийлж, Зэвсэгт хүчний Жанжин Штабын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Харин салбар хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан Хамгаалах Яамны удирдлагууд энэ талаар дуугардаггүй дээ. Монгол Улсын Батлан Хамгаалахын Сайд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ уучлал гуйх нь бүү хэл өөрийнхөө нэрийн өмнөөс албан ёсны эмгэнэлийн бичиг ч хэвлэлээр гаргасангүй.Уг нь ёс зүй, жудаг, Монгол эр хүний сайхан чанар зэрэг нь  Б.Бат-Эрдэнэ аваргын маань хамгийн хэлэх дуртай үгс юмсан. Гэвч хэлэх гэдэг нэг хэрэг, хийж үлгэрлэх гэдэг өөр ажээ.

Эцэслэн шийдэгдээ ч үгүй саналаа татахын сацуу уучлал гуйх нэгэн, эрдэнэт хүний амь эрсдэх хүртэл хариуцлаггүй байдал салбарт нь нүүрлэсэн ч чимээгүй байх нэгэн хоёрын хооронд л мөнөөх ёс зүйн хэмжүүр байх шиг.  Алдаа гаргасан ч түүнээсээ уучлал гуйж чаддаг байх нь алдаа гаргадаггүй дүр эсгэхээс хэцүү ч үр дүн нь хойшдын үйлд ус биш тус л болдог. Учир нь уучлал гуйх нь эр зоригтойн шинж, уучлал гуйх нь алдаагаа ухаарч буйн шинж, алдаагаа ухаарах нь ухаантайн шинж. Ухаантай хүн алдаагаа давтдаггүй гэдэг.

Энэ л заагийн шалгуурт харамсалтай нь УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын Сайд Б.Бат-Эрдэнэ унаж байна. Гэхдээ оройтоогүй ээ.

Эрхэм Батлан Хамгаалахын Сайд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ та  4 сарын 11-нд Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд болсон эмгэнэлт үйл явдлын төлөө ард түмнээсээ уучлалт гуйгаарай.Таныг гранат дэлбэрсэн явдалд шууд холбоотой биш гэдгийг эрүүл саруул ухаантай Монгол хүн бүр мэднэ. Гагцхүү хайр хүндэтгэлийг нь хүлээсэн,  хамгийн их ёс зүй, жудаг ярьдаг  үндэсний бөхийн дархан аварга нь  хариуцаж буй салбарынхаа алдаа дутагдлыг өөрөөсөө холдуулдаг, үүрэг хариуцлагаа үүрсэн шиг үүрч чаддаггүй, эр зориггүй, амиа хоохойлогч эрх мэдэлтнүүдийн л нэг байсан юм байна гэсэн харамсал Монголчуудад төрчихвөл гунигтай юм даа. Учир нь ёс зүй гээчийг хүн хэлж, ярьж бус хэрэгжүүлж үлгэрлэж гэмээн л үнэн болдог ажгуу.

Ч.Явуу