sonin.mn
БЕРЛИН. /Xinhua/. Германы нийслэл Берлин хотын “Боде” музейгээс даваа гарагийн үүрээр хэдэн сая долларын өртөг бүхий алтан зоос хулгайд алдагдсан тухай тус хотын цагдаа нар мэдэгдлээ.
 
2007 онд Канадын “Royal Canadian Mint” компанийн гаргаж байсан уг алтан зоосны нүүрэн тал дээр Их Британийн хатан хаан II Элизабетийн хөрөг байдаг бол нөгөө талд нь Канадын үндэсний бэлгэ тэмдэг болох агч модны навчийг дүрсэлсэн байдаг аж.
 
Музейн захиргааны мэдэгдсэнээр, уг алтан зоос нь 999.9/1000 гэсэн сорьцоороо дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд бичигджээ.
 
Зоосны нэрлэсэн үнэ нь 1 сая ам.доллар боловч алтны орцоороо энэ зоос 4.5 сая долларын үнэд хүрэх гэнэ.
 
Зоосны жин 100 орчим кг, голч нь 53 см учир бүлэг этгээд зоосыг хулгайлсан байж магадгүй гэж цагдаа нар таамаглаж байна.
 
Берлин хотын төвд орших “Боде” музей нь зоосны цуглуулгаараа дэлхийд хамгийн алдартай бөгөөд тус музейн сан хөмрөгт 500 мянга орчим ховор зоос байдаг ажээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг