sonin.mn
БАРСЕЛОН. /BBC/. Ливийн эргийн орчимд завь живсний улмаас 200 гаруй хүн амиа алдсан байж магадгүй тухай Испанийн “Proactiva Open Arms” гэдэг тусламжийн байгууллага мэдээллээ.
 
Тус байгууллагын мэдээлснээр, 100 гаруй хүний даацтай хоёр завь хөмөрч осолдсон бөгөөд одоогоор таван хүний цогцсыг уснаас гаргаж аваад байна. 
 
Аврах ажиллагаа явуулж буй Италийн эргийн хамгаалалтын албаны хэвлэлийн төлөөлөгч "таван хүн нас барсан тухай мэдээлэл үнэн" гэдгийг нотолжээ. Үүний сацуу тэрбээр мэдэгдэхдээ, “Proactiva Open Arms” байгууллагаас гаргасан тоог нотлох боломжгүй, мөн завинаас ослын дуудлага огт ирээгүй гэдгийг хэллээ.
 
“Дүрвэгсдийг нууцаар хил давуулдаг хүмүүс завины даацыг хэтрүүлдэг тул дор хаяж 240 цагаач амиа алдсан байх магадлалтай” гэж “Proactiva Open Arms” байгууллагын төлөөлөгч Л.Лануза хэллээ.
 
Энэ онд Туркээс Грек рүү явдаг замыг хааснаас хойш Ливиэс Италиар дамжин Европт очих гэсэн дүрвэгсдийн тоо огцом өссөн билээ. Италийн эргийн хамгаалалтын албаныхан сүүлийн хэдэн өдрийн хугацаанд 40 гаруй удаа аврах ажиллагаа явуулсан байна.
 
Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагын (ОУШХБ) мэдээлснээр, энэ онд Италид 20 мянга гаруй дүрвэгч ирээд байгаа бол 559 хүн замдаа амиа алдсан эсвэл ор сураггүй алга болжээ. Харин 2016 оны эхний гурван сарын байдлаар Италид 19 мянга орчим дүрвэгч ирсэн бол 350 орчим хүн замдаа амиа алдсан байна.
 
Б.Мишээл
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг