sonin.mn
МОСКВА./TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Эльвира Набиуллинаг Төв банкны даргын албан тушаалд томилуулахаар Төрийн Думд санал орууллаа. 
 
“ Эльвира Набиуллинаг ОХУ-ын Төв банкны даргын албан тушаалд 2017 оны 6 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн томилуулах саналаа Ерөнхийлөгч В.Путин Төрийн Думд танилцууллаа” гэж Кремлийн ордны цахим хуудсанд дурджээ.
 
Үүнээс өмнө лхагва гарагт Владимир Путин Э.Набиуллинаг ОХУ-ын Төв банкны тэргүүний албан тушаалд цаашид ажиллуулахыг Төрийн Думд зөвлөж байсан билээ.
 
Төв банкны одоогийн ерөнхийлөгч Эльвира Набиуллинагийн бүрэн эрхийн хугацаа энэ оны 6 дугаар сард дуусч байгаа юм. Тэрбээр урьд нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах, Эдийн засгийн хөгжлийн сайдын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд Оросын Төв банкийг 2013 оны 6 дугаар сараас хойш удирдаж байна. 
 
Э.Набиуллина 2014 онд "Төв банкны валютын бодлого оновчтой биш байна, бодлогын хүүгээ бууруулахдаа удаан байна" гэсэн шүүмжлэлд өртөж байжээ. Төв банкны тэргүүнийг хамгийн ихээр шүүмжилж буй хүмүүс бол Столыпины клубын гишүүд бөгөөд тус клуб бодлогын хүүг нэн даруй бууруулж, эмиссийн /мөнгөний нийлүүлэлт/ механизмыг ажиллуулахыг санал болгож байна.
 
О.Барс
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг