sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн XI олон улсын уралдаан өнөөдөр ХБК-д эхэллээ.
 
Энэхүү уралдааныг хүүхэд багачуудын авьяасыг нээж, дэмжих, сонгодог хөгжмийн ирээдүйн алдартнуудыг тодруулах зорилгоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай.
 
Энэ удаагийн тэмцээнд 7-10, 11-14, 15-18 насны ангилалд төгөлдөр хуур, хийл, эрдүү хийл, морин хийл, контрабасс хөгжмийн төрөлд Япон, Австрали, БНСУ, ОХУ зэрэг орны 250 гаруй хүүхэд өрсөлдөж байна.
 
Тус тэмцээнээс олон алдартай уран бүтээлч, хөгжимчин гараагаа эхэлсэн бөгөөд өдгөө олон улсын шинж чанартай, нэгэнтээ хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн түвшинд үнэлэгдэх хэмжээнд хүрснийг багш нар онцолж байна.
 
ХБК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Саранцэцэг хэлэхдээ, “Энэ уралдаан нь Монголын хөгжмийн боловсрол олгох мэргэжлийн урлагийн сургуулийн чанар чансаа, багш, сурагчдын хөдөлмөрийн бүтээмжийн илрэл юм. Уралдаанд оролцогчид олон улсын хэмжээнд мэргэжил нэгт нөхдөөсөө бүтээлчээр суралцаж, өнөө цаг үетэй хөл нийлүүлэн алхаж байна. Мөн багш нарын мэргэжлийн боловсрол, бүтээлч үйл ажиллагааны үр дүнд олон улсын уралдааны шагналтан жилээс жилд нэмэгдэж байгаад баяртай байна” гэв.
 
Тус тэмцээний II шатны шалгаруулалт энэ сарын 28, 29-нд болно. Шалгарсан шилдгүүд энэ сарын 30-нд болох Гала тоглолтод оролцох эрхтэй болох юм.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг