sonin.mn
Болзоотын бор толгойд хонио хариулж яваа Болдоггүй бор өвгөн “Хув цагаан хониноос минь хундан цагаан хурга гараасай Хурмаст тэнгэрээ тайх юмсан гэж мөрөөддөг тухай үлгэрт гардаг. Тэгээд хурга ч гарч, өвгөн нь хургаа харамлаж тэнгэртэй тэрсэлдэж, газартай гацалдаад Хан Хурмаст тэнгэрт “дуудагдан” очиж ярилцдаг. 
Ингэхэд “Хан” цолтой Хурмаст тэнгэр гэж хэнсэн билээ? Хурмаст тэнгэр бол барууны 55 тэнгэрийн тэргүүн юм. Гэсэрийг Хурмастын хүү гэдэг ч манай Буриадууд Гэсэрийг өөрийн дээд өвөг гэж бодоод тэнгэр угсаа горилсных байх... 
Монголд олон аялгад Хормуста, Хормуста-тэнгэр, Хормуста-хан, Хурмаст, Буриадад бол Тюрмас, Хирмус, Хирмас, Хёрмос тэнгэp, Тувад Курбусту, Алтайд Уч Курбустан, Кубустан-аакай, Манжид Хормусда гэдэг. Манж Монголын соёлын нөлөөнд Чин гүрнийг хүртэл байсан улс. Бичгийг маань Эрдэнэ багш авахдаа хамт ирсэн Хурмастыг хүртэл авчихсан байдаг. Манж монгол бичиг бинт дуслын зөрүүтэй гэдэг. Хуучин мөргөл нь адил байсан юм биш биз?
Хан Хурмасттай уулзахын тулд МЭӨ V зуунд зөнч Заратуштрын лүндэн "Авеста" хэмээх их судрын хуудсыг эргүүлье! Зороастерийн шашин буюу гал тахилгын шашныг зөнч Заратуштра үндэслэсэн нь баруун өмнөд Азийн хамгийн эртний шашин агаад гол судар нь “Авеста” юм. 
 
Судраас бид “Ахура Мазда” болон “Аримана” гэдэг бурхдын талаар унших болно. Энэ хоёр бол барууны 55 тэнгэрийн тэргүүн Хан хурмаст, зүүний 44 тэнгэрийн тэргүүн Ата хан тэнгэр нар болно. “Тунгалаг тамир”-ын Эрдэнээс эхлээд “Атаа таван тэнгэр минь...”, “Ата тэнгэр минь...” гэж залбирдаг асан, одоо ч “Оой май г-аад” л гэдэг болж дээ. Тэр “г-аад, г-оод” нь ч манай хэлэнд бий, Оросууд бидэнд “Боог” гэж таилцуулсан ч эртний тэнгэр Түүнийг дуудаж аврал эрэхдээ “Элээ халаг, элий минь...” гэдэг. “Элий...” гэдэг нь семит, арамей хэлээр өнөө цагийнханд ойлгомжтой нэрлэвэл “Ертөнцийн эзэн” гэсэн үг, одоо бол хэл хугалам, халаглам болхи сунжруу орчуулга болдог байх даа. Түүнээс хар шувууг ч зүхсэн юм биш, элийрч балайрсандаа ч тэгдэг байсан юм биш санжээ. Уншвал Б.Ринчин гуай “Эзэн тэнгэр” гэвэл зохилтой гэдэг байжээ, маниасаа хожуу эзэн тэнгэртэй танилцсан англичууд бурхнаа танилцуулахдаа ихэрхэж, “тэнгэрээс дээгүүр” гэж хачин нэр өгсөн хэрэг л дээ. Ганц англичууд ч биш Төвдүүд ч бас тэгж будлиулж байсан түүхтэй. Гагцхүү Элий тэнгэр аль дэсийнх, аль зүгийнх юм бол? 
Энэ будлианаар дагаж “Авеаст” хөлгөн судраас Хан Хурмастаа эрье! Ахурама́здаг (ahura-mazdā. Авест) Гүрж (არმაზი) болон Персэд ahuramazdā, Арменид (Արամազդ) Арамазд, Орма́зд, Орму́зд гэнэ. Хурмастад улам л ойртоод байгаа биз? 
Монголд хаа Арамейгаас (Сири) Согдоор дамжин, Уйгураар уламжлагдан ирсэн монгол бичигтэй хамт (h)ormazd буюу Хурмаст тэнгэр морилон иржээ. Цэцэн мэргэний туйл Хурмаст тэнгэр бол Заратуштрын шашны оройн дээд шүтээн, ертөнцийг бүтээн захирагч цорын ганц Дээд тэнгэр, үнэн юм. “Мазда” гэдэг цэвэр ариун, үнэнийг хэлж буй хэрэг бөгөөд “Авеста” нь “mazdayasna” буюу хиргүй үнэнийг номлогч судар ажгуу. Ахура нь хааччихав гэж үү? Харин энэ үг бидэнд өнөөдөр ч танилавтар, арай мартагдчихаагүй байгаа нь “Асур тэнгэр”, “Асар тэнгэр” нэрээр үлдчихжээ. 
Ингээд нэг тэнгэрийн нэр хоёр ч тэнгэрийг төлөөлөхөөр барахгүй, тэр ч байтугай бүтэн тэнгэрийн аймгийн нэр бочихлоо. Ламаизмын гол маань “Ум ма ни бодь мэ хум” нь эх болсон зургаан зүйл буюу “тэнгэр, асур, хүн, амьтан, бирд, там”-ыг төлөөлж, энэ бүх амьтсын бучны тулд залбирч буй хэрэг гэж тайлбарладаг. Тэр “асур” тэнгэрүүд нь Хан хурмаст тэргүүтэй 33 тэнгэр агаад бурхад лугаа эрх булаалдан тэмцэлдэгч догшдын аймаг болжээ. Ямар боловч маань уншихдаа Хурмастаа ерөөж л байгаа юм байна. Энэ бол Энэтхэг буддизмаас их өөр Монгол буддизм бол бүр зороасьер хүртэл холилдсон гайхам хээтэй шашин ажээ гэж баясах мэт.
Заратустрагын номлолд сайн муу гэж ангилсан ертөнцөд хоёул мөнхөд оршин байсан агаад хоорондоо ямар ч төсгүй хэмээн гардаг. Энэ бол өдгөө ч ертөнц дахинаа мөрдөж буй “сайн ба муу”, “гал ба ус” (Израйлын сүлдний Давидын зургаан талт од буюу зөрсөн хоёр гурвалжин нь гал ба усыг бэлгэддэг), бонгийн буюу даогийн “инь янь”, за шинжлэх ухаанчаар бол “нэмэх ба хасах” цэнэг хүртэлх хоёрт туйлт системийн эхлэл бөлгөө. Заратуштрын шашныг манихейзм залгасан бөгөөд өрнө, дорнод асар их нөлөөгөө үзүүлжээ. Ахурамаздын домогт тэрээр Ардаширын хаан ширээнд суухаар эрмэлзэж буй талаар гардаг бөгөөд үүнийг Артасеркс гэдгээр нь мэддэг. Энэ хэн нэгнийг санагдуулахгүй байна уу? Энэ бол Гэсэр. Төвдүүд энэ орчмоос буддизм авахдаа бон ба манихейтэй тэмцэлдэх явцад Гэсэр домгийн баатар болж товойн гарсан бөгөөд Гэсэрийн тууж мөн Монгол, Буриад хувилбараар түгсэн нь Төвд эхтэй бус харин ч Кушан эхээс Төвд ба Монгол руу зэрэг тархсан байх магадлалтай байна. Дашрамд Кушаны хаант улсыг V зууны үеэс цагаан Хүннү нар буюу эфталитууд эвдэж унагасан байна. Энэ эцэс төгсгөлгүй орооцолдсон утсыг хөвөх нь энд бичих зорилго бус тул орхилоо. 
Буддизм аль эрт умраас умард дэлгэрсэн тэр цагт одоогийн Афганы хойд, Тэнгэрийн уулын баруун этгээд бактричууд (тохар) буюу Кушаны хаант улс буддын шашныг авч уламжлан байх цагт Төвдүүд ч, Хятадууд ч мөн тэндээс буддизмыг авсан юм. Хятадад буддизмыг дэлгэрүүлэгч Тансан лам Хималай руу бус алс “Баруун этгээдэд аялсан тэмдэглэл”-ээ үлдээсэн нь чухам энэ орон бөлгөө. Үүнээс өмнө төвдүүд ба хятадын бон шашныхан эндээс соёлын асар их нөлөө авсан ба монголд агч нүүдэлчин гүрнүүд ч юугаараа хоцрох вэ? Гал тахилгын ёсыг уламжлан өнөөг хүргэжээ. Буддизмыг шохоорхсон Түрэгийн эзэнт гүрэн унахад Уйгурууд буддизмыг уламжилжээ. Тиймээс бидний шүтэж буй бурхны шашны эхийг Бодигаяагаас бус харин саяхан Талибуудын дэлбэлж орхисон Бамиан хавиас хайх учиртай юм. Их алсуур тойрч ирсэн байгаа юм. 
Уйгурууд бурхантайгаа Монголын өндөрлөгөөс Ланжоу болон түүний баруунтайх баянбүрдүүд рүү хөөгдөхөд Енисейн Хиргисүүдийн улс ба монгол аймгуудын бөө мөргөлд Хурмаст тэнгэрийн (зороастерийн) гал тахих ёс үлдэж хоцорчээ. Товчлоод хэлэхэд буцаад XV зуунд Монголд ламаизм дэлгэрэхэд Хурмаст тэнгэр Асурын аймгийн нэрээр орж ирсэн бөгөөд он удаан жилд бурхан, тэнгэр хоёр эв зүйгээ олж хамтдаа орших болжээ. Ингээд бодоодүзвэл Төвдөөс буддизм авсан нь санамсаргүй ч хэрэг биш бөгөөд соёлын болоод эрт цагийн хэлхээ холбоо байсаар байсан хэрэг. 
Өнөө бидний 99 тэнгэрийн ойлголт Буриадад хүчтэй хадгалагдаж үлдсэн байдаг. Өнөөдөр бид 99 тэнгэр л гэхээс зүүн, барууны магнайг нь ч мэддэггүй. Ингээд бид нэг бурхныг нэг бусаар нэрлэж тахисаар өнөөг хүрчээ. Бидний зарим бас бурхдын унаа хөлөглөдөг. Энэ бол “Мазда” хэмээх япон машин бөгөөд компанийг үндэслэгч өөрийн имиджээ цэвэр ариун ёс суртахууны илэрхийлэл болгож “Мазда” буюу Асур мазда, монголоор “Хурмаст” тэнгэрийн нэрээр компаиа нэрлэсэн гэж сонссон. Үүнийг та бүхэн тодруулаарай. 
 
Заратустрагын номлолд сайн муу гэж ангилсан ертөнцөд хоёул мөнхөд оршин байсан агаад хоорондоо ямар ч төсгүй хэмээн өмнө хэлсэн. Энэ бол “муу зүгийн” харын 44 тэнгэрийн тэргүүн Атаа тэнгэрийн тухай домог юм. Буриадад Ата Улаан, Атай Улаан Тэнгэр, Галт Улаан, Атай Хан тэнгэр гэдэг.
Одоо бол манайхан бүр сайхан монголчлоод “Атаат” тэнгэр гэдэг болж. Эрчүүлийн атаа гэдэг энэ тэнгэрийн нэр байж болзошгүй. Хүүхнийхийг “житүгэ” буюу жөтөө гэдэг. Нарийн мэдэхгүй юм. Атаа тэнгэр Хурмаст лугаа мөчөөрхөж 99 тэнгэрийг захирах гээд чадаагүй тул 44 тэнгэрийн тэргүүнээр үлдсэн гэдэг домог бий.
Өнгөрсөн оны сүүлээр Азербайжанд очиж Атешгях (азарб. Atəşgah. “Аташча”) гэж дууддаг эхний үе нь “Ата” байгаа биз?) дахь “галын орон” буюу “гал хадгалагч” монголоор бол “Голомт”-ын эртний сүмд очиж эртний тэнгэрсийн голомтод бараалхаснаа өгүүлсэн тул, мөн тэнд масоны лут тахилчтай таарснаа үл нуршин товчлоод сайн зүгийн 55, саар зүгийн 44 тэнгэрийн ахлаачдын тухай товчлон өгүүлэхэд ийм буюу. Харин нэг зүйлийг мартаж болохгүй, монгол галын талаа дээдэлдэг, өөрөөр хэлбэл бөх барилдахад Зүүний магнай буюу Ата 44 тэнгэрийн ерөөлийг (бөхийн цол) эхэлж дууддаг. Буриад бөөгийн тамлагад Хан Хурмастыг дууддаггүй нэг бол хүндлэл, эсбөгөөс орхих ёсон байна уу? Санахад “бэхи” цолны талаар сонирхож байсан, энэ “бэхи ба бөх” нь нэг угшилтай нэр юм билээ. Энэ нь монгол бөхийн дэг жаягт энэ мэтээр хадгалагдан үлдсэн байна. Өөрөөр хэлбэл наадам бас тахилгын ёслол юм байна. Сонирхсон хүн нь судалбал ихээхэн сонирхолтой мөр мэт санагдана.
Төгсгөлд дурдахад Бид маргааш “Новруз” буюу шинэ өглөөтэй золгоно. Хурмаст тэнгэрийг тайх баярыг тэмдэглэжээ. Энэ баяр бол исламын баяр бус аа, “манайх” ч байж магдагүй гэж эрт хэлсэн бөлгөө. Бөлгөө, ажгуу мэтээр ойлгомж үгүй зүйл олныг бичсэн бол асуугаарай, хам хум бчисэн тул мадаг бий, мэдэхийн хэмжээнд хариулъя. Гэвч мэдлэг нимгэн тул зовох нь зүй...
 
А.Баатархуяг
 
Зурагт: Хурмаст тэнгэр (баруун талд), МЭ-ий III зуун, Иран.