sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ноён ууланд алт олборлох болон монголд нэвтэрсэн шашны гаж урсгалуудыг эсэргүүцэж Ноён уулаа аврах хөдөлгөөний АНУ дахь салбарын удирдах зөвлөлийн тэргүүн Ц.Батмөнх  өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийв.
 
2000 гаруй жилийн тэртээх Хүннүгийн үеийн булш бүхий Ноён ууланд алт олборлох үндсэн асуудлын зэрэгцээ буддын шашны Шүгдэн, Христийн шашны Мүүн зэрэг гаж урсгалууд нэвтэрснээр нийгмийн оюун санаанд сөргөөр нөлөөлж байна хэмээн Ноён уулаа аврах хөдөлгөөнийхэн үзэж байна.
 
Энэ тухай Ноён уулаа аврах хөдөлгөөний АНУ дахь салбарын тэргүүн Ц.Батмөнх  ярихдаа, "Ноён уулын асуудал монголчуудын оюун санааны дархлааны гол үндэс болсон шашин шүтлэгтэй салшгүй холбоотой. Харин сүүлийн үед газар аваад байгаа Мүүний шашин боловсролын системд гажуудал үүсгэлээ. Тухайлбал ерөнхий боловсролын сургуульд үздэг "Хүн байхын учир" номонд Мүүний шашны гол гурван зарчмыг дурдсан байдаг. Шүгдэн гэдэг нь Далай ламыг эсэргүүцдэг, мөнгөтэй болгоно гэж 1990 оноос хойш Зава Дамдин гэгээний хуурамч дүр Д.Огсонбаяр ламын хөгжүүлж буй урсгал юм. Үүнийг Мүүний урсгалын адил хуулиар хориглох хэрэгтэй байна " гэв.
 
Тэрээр БСШУЯ, Гандан хийдийн удирдлагад хүргүүлсэн мэдэгдлийнхээ хариуг авах зорилгоор эх орондоо ирсэн бөгөөд Ноён уулыг дархан цаазтай болгох, Хүннү гүрний түүхийн мүзей байгуулах, Эрдэнзуу, Амарбаясгалант хийдийг төрийн тусгай хамгаалалтанд авах зэрэг уриалгыг гаргаж байгаа аж. Тус хөдөлгөөний зүгээс АНУ-ын Чикаго хот дахь "Гэрлийн өргөө" бөө мөргөлийн төв, Бурхан шашны Гандан төвийн хамтарсан 15 удаагийн "Ноён уул" хэлэлцүүлгийн зохион байгуулсан бөгөөд тус хөдөлгөөнийг Унгар, АНУ-ын байгууллагууд дэмжихээр болсныг энэ үеэр дуулгалаа.
 
 Б.Гаваа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг