sonin.mn
Нарны илчээр нийгэм, эдийн засгийнхаа  асуудлаа шийдэх арга замууд
 
 
Хамтдаа энх амгалан амьдралтай хөгжин дэвших нь хүмүүн төрөлхтөний үнэмлэхүй зорилго болоод байгаа өнөө үед байгаль орчинтойгоо ухаалгаар зохицон оршин тогтнож өөрсдийгөө байгалийн нэгэн хэсэг хэмээн ухамсарлан үр өгөөжийг нь хүртэж айх аюулгүй, амгалан тайван байх боломж гараг дэлхийд маань байна.
Дэлхийн улс гүрний хөгжил дэвшлийн хөдөлгөх хүч нь эрчим хүч гэдэг нь нэгэнт ойлгомжтой болсон бөгөөд ашиглахад найдвартай, хямд эх үүсвэр нь нар гэдгийг хүмүүс эртээс ухаарч иржээ.
Нарны эрчим хүчийг хуримтлуулах, үр ашгийг нь нэмэгдүүлэх аргачлал, техник технологи нь бүрэлдэн төгөлдөржөөд нар нь эрчим хүчний хамгийн хямд эх үүсвэр болохыг эрдэмтэн мэргэдийн уйгагүй судалгаанд суурилсан нарны эрчим хүчийг ашиглах тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт оруулсан ухаалаг хөрөнгө оруулалтын үр дүнд харуулж чадлаа.
Сүүлийн үеийн тоо баримт нь дэлхийн 60 гаруй улс орны хувьд нарны эрчим хүчнээс гаргаж авсан цахилгаан нь хамгийн хямд байдгийг тодотгохын зэрэгцээ цаашид цахилгаан эрчим хүчний үнийг “бэлэгдлийн” шинжтэй болгох магадлал байгааг зөгнөх аж.
Өнөөгийн байдлаар нарны эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэх нь нүүрснийхээс даруй хоёр дахин хямд тусаж нэг МВтц цахилгаан эрчим хүч нь 30 $ буюу төгрөгийн ханшаар бол нэг кВтц нь 75 ₮ болжээ.
 
Монгол улс “Сэргээгдэх эрчим хүчний тухай” хуулиар “нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.15 - 0.18 ам.доллар”-аар буюу 402 ₮-өөр тооцон худалдан авч байгаа ба  энэ нь дэлхийн зах зээлийн үнээс даруй 5.36 дахин их аж.
Ийм практик нь нэг талаас нарны эрчим хүчийг ашиглах хандлагыг дэмжих, энэ салбарт оруулах хөрөнгө оруулалтыг урамшуулах зорилготой боловч хөрөнгө санхүүгийн дутагдалд орсон өнөөгийн нөхцөлд төр засгийг дээрхи хуулинд өөрчлөлт оруулахаас нааш иргэдийн зүгээс үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчийг худалдан авах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүргээсээ түдгэлзэх бодлого баримтлахад хүргэх хандлагатай.
Монголчууд нарны эрчим хүчийг ахуй амьдралдаа ашиглах туршлагатай бөгөөд “100 мянган нарны гэр” хэмээх төслийг хэрэгжүүлснээр үлгэр дууриалал авах улсын тоонд багтаж байсан нь саяхан боловч олсон амжилтаа бататган улам ихийг бүтээх, нийгэм, эдийн засгийнхаа тулгамдсан асуудлуудыг нарны эрчим хүчний үүсгүүрээр шийдвэрлэх түүхэн боломжийг алдах цалгайдал бидний өмнө тулгараад байна.
Монгол улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал нэг ГВт хүрэхгүй байгаа ба 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээ 3 ГВт хүрэх хандлагатай байгаа нь хөгжил дэвшлийн түлхүүр болсон эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүч, нэн ялангуяа Монгол улсын байгаль, цаг уур, газар нутгийн байршлын онцлогт нийцсэн нарны эрчим хүчний үүсгүүрт суурилсан цахилгаан үйлдвэрлэх технологиор шийдэхээс өөр хямд төсөр, найдвартай, ашиглалтын зардал бага аргачлал бидэнд харагдахгүй байна.
Нарны эрчим хүчийг төгс ашигласнаар Монголчууд улс орныхоо өмнө тулгараад буй нийгэм, эдийн засгийн дараахь тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж олно. Үүнд:
1.Агаарын болон орчны бохирдлоос ангижрах,
2.Ядуурлыг эрс бууруулах,
3.Цахилгаан эрчим хүч экспортлогч орон болох,
4.Экспортод суурилсан эдийн засгийн бүтцийг буй болгох үндсэн дөрвөн үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлнэ.
Дээрх дөрвөн зорилтыг нарны эрчим хүчээр шийдвэрлэх нь зөвхөн Монгол улсын хувьд ач холбогдолтойгоосоо илүүтэйгээр хүн төрөлхтөний хөгжил дэвшилд бидний оруулах онцгой хувь нэмэр болохын дээр дараахь тоймтой үр дүнд хүрэх нь эргэлзээгүй юм. Үүнд:
1.Агаарын бохирдлыг арилгаж амьдрах орчноо эрүүлжүүлэн Үндсэн Хуулиар тунхагласан ард иргэдийн баталгаатай эдлэх эрх болох “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах” эрхийг бодит болгох,
2.Хот суурин газарт ядуурлын түвшин нэмэгдэж, албан тоо баримтаар гэр хороололд оршин суугчдын 30 гаруй хувь нь ядууралд өртөн нийгмийн халамжаар амь зуулгаа залгуулах боломжгүй болж буй тул ард иргэдээ нийгэмшүүлж Үндсэн Хуулийн эрхэм зорилго болох “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” зорилгыг хэрэгжүүлэх,
3.Монгол улс сэргээгдэх эрчим хүч, ялангуяа нарны эрчим хүчинд суурилсан техник, технологийг нутагшуулж цахилгаан эрчим хүчийг экспортлон бүс нутгийнхаа эрчим хүчний гол эх үүсвэр болох,
4.Нөхөн сэргээгдэх түүхий эд болон эрчим хүчинд суурилсан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэн импортын бараа бүтээгдэхүүнийг бүрэн орлуулах зорилгоор “ойрын хөрш” орнуудынхаа зах зээлд идэвхийлэн оролцож экспортод төвлөрсөн эдийн засагтай улс болох үндсэн дөрвөн зорилтыг хэрэгжүүлнэ.
Улс эх орны хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийн хувь заяанд онцгой ач холбогдолтой тодорхой үр дүнд хүрэх арга замыг томъёоловоос доорхи дүр зураг харагдаж байна.
“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 7.1.-д заасны дагуу Монгол улсын иргэн 0,07 хүртэл га газар өмчлөх эрхтэй тул хувийн эзэмшлийн газрыг “эдийн засгийн эргэлтэн”-д оруулснаар дээр дурьдсан зорилтуудад амжилттай хүрнэ хэмээн бид үзэж байна.
Монгол улсад мөрдөгдөж байгаа нарны эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэх технологиор бол 1 кВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд дунджаар 10 кв. м талбай шаардлагатай бөгөөд 30 кВтц үйлдвэрлэхэд 300 кв. м талбай буюу 0,03 га газар хангалттай юм. Энэ нь нэг иргэнд ногдох талбайн талд нь ч хүрэхгүй бөгөөд өвлийн улиралд дээрхи эрчим хүчээр стандартын дагуу дулаалсан таван ханатай зургаан гэрийг халаах бүрэн бололцоотой нь зах зээлд борлогдож буй “шөнийн халаагуур” хэмээх дулаан хуримтлуулагчийг хэрэглэн гэрийнхээ халаалтыг шийдсэн байдлаас харахад тодорхой аж.
 
Нийслэлийн гэр хороололд амьдардаг оршин суугчид хүйтний улиралд 500 мянгаас нэг сая ₮ түлшиндээ зарцуулдаг бөгөөд хэрэв халаалтаа цахилгаанаар шийдвэрлэвэл хамгийн ихдээ 500 мянган ₮ цахилгаан эрчим хүчинд зарцуулахаар байгаа нь бодит судалгаагаар батлагдсан болно.
Хэрэв хашаанд нь 30 кВт-ын нарны хавтан зоосон айлын үйлдэрлэж буй эрчим хүчээр тус айлын гэрээс гадна хөрш таван айлыг халаах эрчим хүчээр хангавал хөршүүд нь тус айлд халаалтандаа зориулж нэг удаа гэрээний үндсэн дээр 500 мянган ₮ төлнө гэвэл тухайн айл хүйтний улиралд 2 сая 500 мянга ₮-ний орлого олно.
Мөн тухайн айл нь үйлдвэрлэсэн цахилгаанаа эрчим хүчний сүлжээнд нийлүүлбэл дээр дурьдсан “Сэргээгдэх эрчим хүчний тухай” хуулийн дагуу айлын хувийн эзэмшлийн газрын өртөг өсч өрхийн орлого тогтвортой болж ирээдүй нь баталгаажна.
Монгол улсын газар нутагт жилд дунджаар 300 хоног нартай байдаг ба Улаанбаатар хотын хувьд зундаа хамгийн уртдаа 16 цаг, өвөлдөө хамгийн богиндоо 8 цаг нарны тусгалтай гэж үзвэл нарны эрчимтэй тусгалтай цагийг нэг жилийн хувьд дундачлан 12 цаг гэж тооцоход нэг иргэнд ногдох газрын талд нь 108 МВтц (30 кВтц х 12 ц х 300 хоног) цахилгаан үйлдвэрлэх бөгөөд энэ нь мөнгөн дүнгээр 43 сая ₮ болох бөгөөд хэрэв зөвхөн дулааны улирлыг тооцвол 63 МВтц (30 кВтц х 14 ц х 150 хоног) буюу 25 сая ₮ болох аж.
Энэхүү эрчим хүчийг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн үнэ нь тухайн айлын хувьд дунджаар 50 сая ₮ болох бөгөөд хэрэв төр хуулийнхаа дагуу эрчим хүч худалдан авах үүргээ нарийвчлан тодотгож нүүрсээр үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчнийхээ үнэтэйгээ тэнцүүлсэн ч гэсэн гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, хувийн өмчит компаниуд дээрхи санал, санаачлагыг санхүүжүүлэх болно.
 
Төр засагт энэхүү шинэлэг “бизнес” нь ямар нэгэн бонд гаргахаас илүү үр ашигтай нь тодорхой боловч нүүрсээр эрчим хүчнийхээ эх үүсвэрийг шийдвэрлэх сонирхолтой төрийн бодлогод нийцэхгүй байгаа тул асуудал нэн удаашралтай байна.
Дээрхи тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг 25 жилээр тооцвол нарны илчээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хөрөнгө оруулалтыг эхний гурван жилдээ нөхөх бөгөөд цаашид ашиглалтын зардалгүй шахам цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх нөхцөл бүрэлдэх ба хамгийн гол нь бид агаарын бохирдлынхоо үндсэн эх үүсвэрийг арилгах, мөн ард иргэдийнхээ орлогын эх үүсвэрийг найдвартай болгож түүн дээрээ түшиглэсэн жижиг, дунд үйлдвэрийг төсвийн худалдан авалтаар батламжлан хөгжүүлэх гарц харагдаж байна.
Энэхүү хямд, хялбар, найдвартай эрчим хүчний эх үүсвэрийг иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх нь инженер-техникийн мэргэжлийн сэхээтэнүүдийн санаж, сэтгэж, тэмүүлж байх ёстой зүйл бөгөөд ийм боломж Монголчууд бидэнд байна.
Зуун жилийн өмнө агуу сэтгэгч В.И.Ленин: “Коммунизм нь Цахилгаанжуулалт нэмэх нь Зөвлөлт засаг” хэмээн номолж байжээ.
Бид эх орондоо цахилгаан эрчим хүчийг олон нийтдээ түшиглэн үйлдвэрлэснээр Коммунизм гэхээсээ илүүтэй хүн төрөлхтний ирээдүйг харан сэтгэгчдийн төсөөлж буй ард иргэдээ “ямар нэгэн нөхцөлгүй”-гээр орлогын эх үүсвэртэй болгох зорилгод дөхөж очих ба “Иргэний ардчилсан нийгэм нь Нарны илч нэмэх нь Хүмүүнлэг засаглал” хэмээн үзэж байна.
Энэ үзэл баримтлалыг амьлуулахад технологийн болон засаглалын хувьд шинэлэг алхмуудыг хууль эрх зүйн орчиндоо нийцүүлэн хэрэгжүүлэх ёстой бөгөөд технологийн хувьд сэргээгдэх эрчим хүчийг нөөцлөх аргачлалыг Монгол улсын газар зүйн байршил, цаг уурын нөхцөлд зохицсон технологийг нутагшуулах ёстой ба үүний тулд дээрх технологийг эзэмшигч улсуудтай “технологи дамжуулах” үзэл санааны хүрээнд тухайн улсын экспортыг дэмжих хөтөлбөрийн дагуу хамтран ажиллах бүрэн боломж байгааг тухайн улсуудтай байгуулсан Монгол улсын хамтын ажиллагааны уулзалт, хэлэлцүүлэг, гэрээнүүд харуулж байна.
 
Тухайлбал ХБНГУ-ын “Эрчим хүчнээс шатдаг хий” (P2G) гаргах технологийг, мөн Японы “Устөрөгчөөс цахилгаан” (Grid Free RH2) гаргах тоног төхөөрөмжийг эх орондоо нутагшуулах бүрэн боломжтой бөгөөд тухайн улсуудын зүгээс эдийн засгийн хамтын ажиллагааны үзэл баримтлалдаа “загас өгснөөс загас барих аргыг нь” зааж өгөх зарчмыг мөрдлөг болгодог хандлага, мөн байгалийн баялагтай улсад зориулж харилцан ашигтай байх зарчим дээр тулгуурласан “Уул уурхайн дипломат харилцаа” хэмээх гадаад бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх болсон зэрэг нь асуудлыг улам хөнгөвчлөх болно.
Бид бүс нутагтаа эрчим хүчний найдвэртай эх үүсвэртэй улс болж хөгжснөөр хөрш орнууддаа “экологийн цэвэр” хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гол экспортлогч болно гэсэн зорилтдоо хүрэх бөгөөд шинжлэх ухааны ололт амжилтыг уламжлалт мал аж ахуй, газар тариалантай хослуулан хөгжүүлж байгаль орчны даацыг чадавхижуулан цөлжилтийг зогсоож “Дэлхийн экологийг Монголоос” хэмээх шинжлэх ухаанч үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлж чадна.
 
Монголын Ногоон Намын Дарга О.Бум-Ялагч