sonin.mn
Өнөөдөр Нарны буюу Наурызын баяр. Өдөр шөнө тэнцдэг эл өдөр “Улыс он болсын, ак мол болсын” гэх ерөөлийн үгээр мэндчилж, казах түмэн хаврын баяраа тэмдэглэж байна.
 
Өчигдөр буюу манайхны цагаан сараар бол битүүний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Гылымхан орон нутгийн томилолтоор аймагтаа ажиллаж буй хэсэг сэтгүүлчдэд Наурызын баярыг нутгийн олон хэрхэн тэмдэглэдгийг үзүүлэхээр төвөөс 27 км-т байх Сагсай сумыг зорив. Биднийг очиход захиргаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэг тус бүр нэжгээд гэр барьсан байх ба аймгийн Засаг даргатай эрчүүд гар барихын ялдамд цээжээрээ тэврэлдэн мэндчилэв. Ахмадууд голдуу цугларсан уулзалтад их багагүй үндэсний дээл хувцсаа өмсч, домборын аялгуут ардын дуугаа өсгөгчийн хүчээр цацруулах авай.
 
 
Ирсэн суусан бүгд хамтаар гэрт ороход явгалж суухад таарахуйц өндөртэй цагаан бүтээлэг бүхий урт ширээн дээр тавагтай мах, хайрсан боов, чихэр жимс гээд юм юм чигжүүхэн өрөөстэй. Казах бүсгүйчүүдийн урласан эрээн аравчны наана домбор хөгжим, үнэгний арьс зэргийг өлгөж гэрийг чимжээ. Хоймор хэзээнээсээ эрчүүдийн “өмч” байдаг хойно доо. Засаг дарга тэргүүтэй ахмадууд хоймор эзлэн тухлахад эмэгтэйчүүдийн арай ахмадууд нь явганаар бие бие рүүгээ шахасхийн сууж, нөгөө хэсэг хоол цайндаа нь анхаарч яаравчлав. Идээ ундаанд хүрэхийн өмнө бата буюу ерөөл хэлдэг заншилтай аж. Энэ үүрэг Ж.Сезимхан гуайд ноогджээ. Ерөөлийн өмнө бүгдээр алгаа дээш харуулав. Ж.Сезимхан гуай гэр доторх бүх хүнд сонсогдох тоор тодоос тодоор “Наурыз баяр бидэнд буянаа хүртээх болтугай. Ард түмэн минь амар амгалан байж, төр минь түвшин байх болтугай. Бурхан тэнгэр бидэнд сайн сайхныг хайрлах болтугай. Төрийг удирдаж байгаа хүмүүсийн оюун ухаан нь цэцэн байг. Бидэн дээр хүрэлцэн ирсэн зочдын аян зам өлзийтэй байг” хэмээн ерөөсөн гэж хожим нь надад хөрвүүлж өгсөн билээ.
 
 
 
Амин” буюу “Тэр ерөөл бат оршиг” хэмээн хэлээд хоёр алгаараа хавсарч буулгах нь ерөөлийг билэгшээн хүлээж авсаны дохио болой. Удалгүй  бүсгүйчүүд үндэсний аягатай баавар улаан цайгаа хүнд бүрт аягалан барив. Аягатай цайгаа хойш тавиад Ж.Сезимхан гуайтай хөөрөлдлөө. Тэрбээр анх 1971 онд тус суманд Эвлэлийн хорооны даргаар ажиллахаар ирж байжээ. Сумандаа 13 жил Монголын хувьсгалт залуучуудын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ажлаараа шалгарч Москва, Ленинград аялах эрхээр шагнуулж, магнайлж явсан нэгэн байв. Намын дээд сургууль төгссөний дараа Ж.Сезимхан гуай сумандаа ирж, Үйлдвэрчний хорооны даргаар арваад жил, сүүлдэх нь ээ “Уужим” амралтын газрын дарга, байгаль орчны байцаагч зэрэг ажлыг хийж яваад 1997 онд тэтгэвэрт гарчээ. Тэтгэвэрт гарсаар ч зүгээр суусангүй. БНХАУ-ын Өрөмч хотоос тоосгоны үйлдвэр оруулж ирсэн нь өнөө цагт өргөжсөөр 35 хүнийг ажлын байртай болгоод амжиж. Одоо жилд 1 сая тоосго үйлдвэрлэж, хөрш зэргэлдээ сумд болон аймгийн төвд борлуулах болжээ.
 
Хөөрөлдөөн дундуур “Уудам тал минь малаар бялхсан
 
Хөрст газар тариагаар бялхсан
 
Сумын төвд соёл ундарсан
 
Аз жаргал амжилт бүтээлээр бялхсан
 
Сагсай нутагт сайн морилж ирэв үү” хэмээн Гагарин гуай домбордон дуулахад ашгүй хэн нэгэн чихний үзүүрт “Энэ дуу чинь Ж.Сезимхан гуайн зохиосон дуу ш дээ” гэх нь сонстов. Би ч “барьцаа” ахиулж хэзээ яагаад зохиосон, энд яагаад дуулагдах болов хэмээн лавлахгүй яав гэж. Өвгөн ах “Сагсайн магтаал” дуугаа суманд нь анх соёлын төв байгуулагдахад буюу 1972 онд зориулж зохиосон байна. Бид яриа дэлгэсээр. Энэ зуур чанаж болгоод жижиглэсэн үхрийн мах, адууны казаа ид хэмээн “шахах” бол нөгөө нэг нь чихэр жимсээр тувт дайлаастай. Казак түмэн махыг олон төрлөөр бэлтгэж сурчээ. Түүгээрээ зай завгүй дайлдаг зочломтгой ард түмэн юм. Удалгүй көжэ ирлээ. Көжэ гэдэг нь биднийхээр бол бууз. Баярын гол зоогийн нэг. Давс, ус, будаа, аарц гэх зэрэг долоо ба түүнээс төрлийн хольцоор энэхүү шөлийг хаврын баярт зориулж хийдэг байна.   
 
 
 
Ж.Сезимхан ахын гэрт очлоо. Цэлгэр хашаа бүхий хувийн газартаа хоёр давхар сууцтай юм.  Эднийх хоёр охин, долоон хүү нийт 9 хүүхэдтэй айл санж. Хүүхдүүдийнх нь гурван нь сумандаа, хоёр нь аймгийн төвд, дөрөв нь Казахстанд амьдардаг гэнэ. Хуульч, эмч, жолооч, англи хэлний багш гээд томчууд нь ажил мэргэжил эзэмшээд айл болж өрх тусгаарлажээ. Том нь 47-той, бага нь 12-той бол араас нь 21 ач өсч үржсэн өнөр айл аж. Өнгөрсөн жил Казахстанд болсон айтыс хэмээн харилцаа дууны тэмцээнд С.Шугайв хүү нь түрүүлж 27 сая төгрөгөөр шагнуулсанд ижий аав хоёр нь магнайгаа хагартал баярласан байна. Өсгөх гэж хэцүү ч үе байсан, гайгүй ч үе байсан хэмээн ярих гэрийн эзэгтэйг С.Айгүл гэнэ. Тэднийх мөн л Наурызад бэлдээд гэр орноо цэмбийлгэж, ширээ зассан байв.
 
Наурызын баярт эмэгтэй хүний үүрэг их юм. Зассан ширээ, өмссөн хувцас, гэр орны өнгө зүс гээд гэргий хүний гар хүрээгүй зүйл гэж үгүй шиг санагдсан. С.Айгүл гуай гэхэд энэ жилийн баярын өмнө хүүхэд том хүн нийлсэн таван хүний хувцсыг шинээр урлажээ. Эрэгтэй эмэгтэй, хүүхэд хэнд зориулж оёж байгаагаас шалтгаалж хээ хаур, материалын өнгө чанарыг сонгож оёдог гэж гэрийн эзэгтэй ярина лээ.
 
 
Өвгөн ах бид хоёрын яриа ч шувтарч, миний буцах цаг ч дөхөв. Ахаас “Та залуу үеийнхэнд хандаж юу хэлмээр байна” гэхэд тэрээр “Ажилсаг байгаасай. Би ерөөсөө ажилгүйдэл гэдгийг огтоос ойлгодоггүй. Ажилгүй сууж болохгүй. Мал цасан дороос туурайгаараа малтсаар байгаад идэхээ олоод идчихдэг байхад хүн хөдөлмөрлөх ёстой. Манайхан бэлэнчлэх сэтгэлгээтэй. Төр ч гэсэн ард түмнээ хамгаалж байна гээд дандаа “хөхүүлсээр” байгаад муу зан сургачихсан. Биеийн хөгжил дутуу хүнд төр тусалж байх нь зөв. Түүнээс биш би ядуу байна, олон хүүхэдтэй байна гээд гар хумиад суугаад байж болохгүй.
 
 
 
Би 67 настай. Компани удирдаж байгаа гэхгүй үсрээд л ажилчидтайгаа хамт ажиллаад л явчихдаг. Энэ жил манай компаниас нэг хүн аймгийн аварга болсон. Хөдөлмөр хүнийг мялаадаг юм. Гэхдээ шагналд горьдож болохгүй. Төр засаг намайг үнэлж “Алтан гадас” одонгоор шагнасан. Шагнасан гээд дарга нарын дутагдлын хажуугаар ах нь дуугүй өнгөрдөггүй. Та нар паартай байшинд суучихаад амьдрал мэдэхгүй байна гээд хааяа зад шүүмжилчихдэг. Залуучууд ухаанаа уралдуулж, гараа хөдөлгөж амьдрах хэрэгтэй” хэмээн ярив. Би яриандаа болоод аягатай цайгаа ууж дууссанаа анзаарсангүй. “Цай болсон” хэмээн хэлэхээ мартжээ. Дахин нэг аяга цай уугаад тэднийхээс дөхөхөд Ж.Сезимхан гуай өөрийн гаргасан “Зохиолын дээжис” номоо дурсгасан юм. Басхүү үдэж гаргахдаа нэг хацрыг минь үнсээд “Эргээд ирэхэд нь нөгөө хацрыг нь үнсэнэ” гээд өлзий ерөөл хэлсээр үдсэн.
 
 
Өнөөдөр тэднийх лавтайяа олны хөлд дарагдсан. Учир нь аксакал буюу ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, тэднийхнээр эхэлж ордог. Ер нь наурызын баяраар 40 айлаар орж, 40 ерөөл сонсохыг ихэд билэгшээдэг гэж байсан. Ж.Сезимхан гуайн хэдэн хүүхдүүд, айл аймгийнхан нь тэднийхээр ирж  бас бужигнаж, хилийн чанадаас утсаар мэндчилгээ авахын зэрэгцээ залуу хойч үедээ сургааль юугаа хайрлаж суугаа байх даа.
 
Б.Туул
 
Өлгий хот
 
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг