sonin.mn
ЛОНДОН./BBC/. Такси дуудлагын интернет үйлчилгээ эрхэлдэг "Uber" компанийн ерөнхийлөгч Жефф Жонс компанидаа хагас жил ч ажиллаж чадалгүй ажлаасаа гарчээ.
 
“Жеффийг манай компанид зургаан сар ажилласанд нь бид талархаж байна, түүнд хамгийн сайн сайхныг хүсье” хэмээн" Uber"-ээс хэвлэлд зориулан гаргасан мэдээлэлд дурджээ.
 
Компанийн эх сурвалж “BBC”-д ярилцлага өгөхдөө, Жонс огцорсон нь гэнэтийн санамсаргүй явдал боллоо гэж ярьжээ.
Сан-Франциско дахь “BBC-гийн” сурвалжлагчийн мэдээлснээр, Жефф Жонс үйл ажиллагаа эрхэлсэн ерөнхий захирлын албан тушаалыг өөрт нь санал болгоогүй учраас ийнхүү огцрох өргөдлөө өгсөн аж. Энэхүү шинэ албан тушаалыг "Uber" компанитай хэд хэдэн дуулиан дэгдсэний дараагаар компаниа тогтворжуулах зорилгоор бий болгожээ.
 
Гэхдээ "Recode" техникийн мэдээний цахим хуудсанд мэдээлснээр, Жонсын огцрох болсон шалтгаан нь "Uber" компанид үргэлжилсээр байгаа хүйсээр ялгаварлан гадуурхах, ажлын байран дахь бэлгийн дарамтын тохиолдлуудыг нуун дарагдуулсан зэрэг явдал ажээ.
2 дугаар сард "Uber" компанийг үндэслэгч Трэвис Каланикын нэр дээр олон нийт болон ажилтнуудын зүгээс хүчтэй шүүмжлэл ирэх болсны улмаас тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трампын дэргэдэх эдийн засгийн зөвлөлөөс гарч байсан билээ.
 
Үүнээс гадна нэгэн дүрс бичлэгэнд тэрбээр "Uber" компанийн нэгэн жолоочтой таксины хөлс буурч байгаа талаар хэрүүл хийж байгаа нь гарчээ. Энэ бичлэг цацагдсан нь компаниа удирдахад өөрт нь туслалцаа хэрэгтэй байна гэж мэдэгдэхэд Каланикийг хүргэсэн ба үүний дараахан үйл ажиллагаа эрхэлсэн ерөнхий захирлын албан тушаалыг бий болгох шийдвэр гарсан аж.
 
“Биднийг үйл ажиллагаа эрхэлсэн ерөнхий захирал авч ажиллуулах тухайгаа зарлахад Жефф "Uber"-д цаашид ажиллах ирээдүйгүй юм байна гэсэн дүгнэлт хийсэн” гэж Трэвис Каланик ажилтнууддаа хандсан захидалдаа бичээд, Жонс огцорч байгаагаа хэвлэл мэдээллээр зарласанд харамсч байгаагаа илэрхийлжээ.
Үйл ажиллагаа эрхэлсэн захирал томилогдсоны дараа Каланик өөрөө албан тушаалаа өгөх бололтой.
 
Uber компанид хийгдэх эдгээр өөрчлөлтүүд нь тус компанийн хувьцааг олон нийтэд худалдахын /IPO/ өмнө хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахад чиглэсэн бололтой.
 
О.Барс
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг