sonin.mn
МОСКВА. /TASS/. Германы канцлер Ангела Меркель, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар Токио-Брюсселийн хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэд энэ тухай мэдэгдлийг Ханноверт болсон хоёр талын уулзалтын дараа хийсэн тухай Reuters агентлаг мэдээллээ.
 
“Бид Япон-Европын Холбооны хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээг ойрын үед байгуулах ёстой” гэж Абэ хэлжээ. Чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалт нь ямар давуу талуудтай байдгийг Япон улс сайн мэднэ, тиймээс “Германы нэгэн адил нээлттэй систем нэвтрүүлэх тал дээр аварга болохыг  Япон улс зорьдог” гэж тэрбээр онцлон дурдлаа.
 
Меркель япон түншийнхээ эрмэлзлийг нь дэмжиж “Би нээлттэй зах зээл, чөлөөт худалдааг эрхэмлэдэг, үүнд ямар нэгэн саад тотгор байлгахыг хүсэхгүй” хэмээн мэдэгджээ. "Өөр өөр нийгмүүдийг хооронд нь холбож, тэдэнд шударга нөхцлөөр худалдаа хийх боломж олгохыг хүсч байна. Чөлөөт худалдаа чухамхүү үүнд л хэрэгтэй” гэж тэрбээр хэллээ.
 
Энэ асуудалтай холбогдуулан энэ оны 3 дугаар сарын 9-нд Европын Комиссын тэргүүн Жан-Клод Юнкер хэлэхдээ "Японтой чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээрт аль болох ойрын хугацаанд гарын үсэг зурахын тулд Европын Холбоо ихээхэн хүчин чармайлт тавих болно, уг асуудлыг 3 дугаар сарын 21-нд Брюссельд болох Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх болно" гэж мэдэгджээ.
 
О.Барс
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг