sonin.mn
ФРИТАУН. /Al jazeera/. Сьерра-Леон улсын нэгэн санваартан дэлхийд урьд өмнө нь олдож байгаагүй хамгийн том алмаазуудын нэг болох 706 каратын жинтэй алмааз эрдэнийг олсон тухай тус улсын Засгийн газар мэдээллээ.  
 
Эммануел Момох гэдэг санваартан  Коно мужийн зүүн хэсэгт орших Кояаду тосгон дахь нэгэн бичил уурхайгаас уг үнэт чулууг олсон гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
 
Үнэт олдворыг Ерөнхийлөгч Эрнест Бай Коромад гардуулан өгсөн байна.
Ерөнхийлөгч Корома алмааз эрдэнийг хүлээн аваад, ашиг хонжоо олох зорилгоор алмаазыг улс орноосоо хулгайгаар хил давуулаагүйг сайшаасан байна.  
Тэрбээр цааш нь хэлэхдээ “хүн ард, улс орныхоо тусын тулд үнэт чулууг ил тод байдлаар дуудлага худалдаагаар борлуулах болно” гэлээ.
 
Сьерра-Леон улсын Засгийн газар иргэний дайн дэгдэхэд хүргэж байсан “цуст алмааз”-ны цаг үе нэгэнт өнгөрсөн гэдгийг гадаадын хөрөнгө оруулагчдад итгүүлж ойлгуулахын тулд хил дамнасан алмаазны хууль бус наймааг таслан зогсоохыг хичээж байгаа юм.
 
Үнэт чулууны мэргэжилтэн Паул Зимниски хэлэхдээ, хамгийн том хэмжээтэй 15 алмааз эрдэнийн нэг мөн” гэж шинэхэн олдворын талаар зарлаж болох тухай “AP” агентлагт өгсөн ярилцлагандаа онцолжээ.
 
Америкийн шинжээч түүний хэлснээр " нүцгэн гараараа шороо шигшин гар дорх хэрэгсэл ашиглаж буй ажилчдын хувьд ийм олдвор олох огт боломжгүй" аж. “Очир эрдэнийн онцгой олдворуудыг их хэмжээний кимберлитийн хүдэр олборлож, орчин үеийн тоног төхөөрөмжөөр боловсруулалт хийдэг уул уурхайн том компаниуд олж байсан” гэж тэрбээр онцлон дурдлаа.
 
Зургаан сая хүн амтай, дэлхийн хамгийн ядуу таван орны нэг болох Сьерра-Леоны  газар нутгийн дөрөвний нэгд нь алмааз олдох боломжтой ажээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг